Нийгэм
5 цагийн дараа
369
Салсан ч хүүхдээ тэжээн тэтгэх нь сонголт биш, хуулиар хүлээсэн үүрэг

Кейс: Нөхрөө гурван жилийн турш өөр хүнтэй харилцаатай байсныг нь мэдээд тусдаа амьдрах болсон. Нөхөртэйгөө одоогоор шүүхээр гэрлэлтээ цуцлуулаагүй, өөр дээрээ хүүхдүүдээ авч үлдсэн. Гэтэл хүүхдийн хоол хүнс хэрэгцээний мөнгийг сардаа гуйж байж 300-350 мянган төгрөг авдаг. Харин өөрөө үнэтэй ресторанд хооллож, долоо хоногт 1-2 сая төгрөгийг ууж идэх, дэлгүүр хэсэхдээ зарцуулдаг. Хүүхдүүдийнхээ хэрэгцээнд мөнгө өгөхдөө харамлаж, байнга нэхүүлж үр хүүхдийнхээ хэрэгцээнд харамлаж байгаад хамгийн их гомдолтой байна. 

Энэ бол гэр бүл салалтын дараа хүүхдийн тэтгэлэг авахын тулд нөгөө цэцэг эхээсээ мөнгө нэхэж, гуйх шаардлагатай болдог бодит нөхцөл байдлын нэг жишээ юм. 

Гэр бүл цуцлуулах, эсвэл тусдаа амьдрах үед хүүхдийн эрх ашгийг хамгаалах хамгийн чухал асуудлын нэг нь хүүхдийн тэтгэлэг юм. Эцэг, эх нь хамт амьдарч байгаа эсэхээс үл хамааран насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон хөдөлмөрийн чадваргүй насанд хүрсэн хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг эцэг, эх харилцан тохиролцож гэрээгээр тогтоох, эсвэл шүүхийн шийдвэрээр гаргуулах боломжтой. Харин тус хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлгийн хэмжээг насны ангилал болон тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшинд үндэслэн тогтоохоор заажээ. Үүнд:

  • 11 хүртэлх насны хүүхдэд: Тухайн бүс нутгийн амьжиргааны доод түвшний 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг
  • 11-16 насны хүүхдэд: Амьжиргааны доод түвшний 100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг
  • 16-18 насны суралцаж байгаа хүүхдэд: Амьжиргааны доод түвшний 100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор зохицуулсан. 

Харин 2027 оноос хэрэгжиж эхлэх Гэр бүлийн тухай шинэчилсэн хуулийн 46.2-т хүүхдийн тэтгэлэг тогтоохдоо төлөгчийн хөрөнгө, орлого, хүүхдийн хэрэгцээ шаардлага, нас тоо болон бусад нөхцлийг харгалзахаар тусгажээ. Ингэснээр хүүхдийн тэтгэлгийн хэмжээг насны ангиллаар бус эцэг эхийн эдийн засгийн боломж, хүүхдийн бодит хэрэгцээг харгалзах эрх зүйн зохицуулалт бүрдэж байна. 

Хүүхдийн тэтгэлэг нь зөвхөн өдөр тутмын хоол хүнс, хувцасны зардал бус, хүүхдийн амьдрах, сурч боловсрох эрхийг хангах үндсэн баталгаа юм. Мөн онцгой нөхцөлд хүүхдийн нэмэлт хэрэгцээ, зардлыг нэхэмжлэх боломжтой. Хэрэв тэтгэлэг төлөгч хуульд заасан үүргээ биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан албадан төлүүлэх арга хэмжээ авах боломжтой. Өөрөөр хэлбэл, гэр бүл салсан ч хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эхийн хариуцлага дуусгавар болохгүй.

Өөрөөр хэлбэл гэрлэлтээ цуцлуулсан эсэхээс үл хамааран эцэг, эхийн хүүхдийнхээ өмнө хүлээсэн тэжээн тэтгэх үүрэг хэвээр үлдэнэ