

Манай улсын хувьд Оюутолгой төслийн 34 хувийг, Рио Тинто 66 хувийг эзэмшдэг. Харин 34 хувийн эзэмшлээсээ 3 их наядын ногдол ашиг авах тооцоололтой байгаа. Гэвч Рио Тинто-гийн сайтад манай улсад 3 их наядын ашиг хуваарилна гэх зэрэг ямар ч мэдээлэл одоог хүртэл ороогүй байна. Ийм атал бид аваагүй 3 их наядыг аль хэдийн төсөөлөлдөө үрээд дуусгасан.
Өөрөөр хэлбэл, 1 их наядыг хуримтлалын санд, 2 их наядыг нь улсын төсөвт ногдол ашгаар төвлөрүүлж, эрчим хүчний салбарын галыг унтраахаар төлөвлөсөн.
Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ногдол ашгийг ард иргэддээ бэлэн мөнгөөр өгөх санал гаргасан.
Гэвч Рио Тинто баталгаажуулаагүй, Оюутолгойн ногдол ашиг гэгдэх 3 их наяд төгрөг яг манай улсад орж ирэх үү гэдэг нь одоо ч эргэлзээтэй байгаа. Тодруулбал, Рио Тинто-гийн сайт руу орж харахад shareholder distributions-ийг урагшлуулах талаар тохирсон гэх мэдээлэл байгаа ч хуваарилах мөнгөн дүн, он сар зэрэг өөр ямар ч мэдээлэл алга байгаа юм.
Ингэж алаагүй баавгайн арьсыг 10 хуваах талаар бид хэдий болтол ярих вэ?
Бидэнд үүнтэй ижил гашуун сургамж бий. Эрдэнэс тавантолгойгоос ард иргэдэд бэлэн мөнгө тараана гэж сонгуулийн шоу хийж 2008 онд Чалкогийн өр үүсэж байсан түүхтэй. Ахин сонгуулийн сурталчилгаа хийхгүй гэх баталгаа байхгүй энэ үед иргэд хэрсүү байх шаардлагатай тулгарч байна.
Хэрэв дээрх 3 их наяд манай улсад орж бол төлөвлөөд байгаа эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлыг “ард хормойгоороо” нөхөж шийдэх үү. Энэ мэт ард хормойгоороо урд хормойгоо нөхсөөр байтал нөхөх ч хормойгүй үлдэхээр байна.
