А.Марал-Од
Ажлын албаны сэтгүүлч
Товч мэдээ
7 цагийн дараа
57
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Даваабаяр “Мон Жүүс” үндэсний үйлдвэрт ажиллалаа

Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн хөгжилд дотоодын үйлдвэрлэгчдийн оруулж буй хувь нэмэр нь зөвхөн зах зээлийг бүтээгдэхүүнээр хангахаар хязгаарлагдахгүй. Шинэ ажлын байр бий болгох, мэргэжлийн хүний нөөцөө хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн үйлдвэрлэлийг төлөвшүүлэх нь салбарын тогтвортой хөгжлийн чухал хэсэг юм.

Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үндэсний үйлдвэрлэгчдийн нэг бол 2003 онд байгуулагдсан “Монжүүс” ХХК юм. Тус компани ундаа, жүүс, савласан цайны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өнөөдөр бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлж, Монголын шингэн хүнсний зах зээлд байр сууриа бэхжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үндэсний үйлдвэрлэлээ өргөжүүлэн хөгжүүлж, дотоодын зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлж буй хамт олонд талархал илэрхийллээ.

“Монжүүс” ХХК 100 гаруй ажилтантай бөгөөд 5,000 гаруй харилцагчаар дамжуулан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэдэг. Энэ нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гадна борлуулалт, түгээлт, харилцагчийн үйлчилгээ зэрэг олон чиглэлийн ажлын байрыг хамарсан үндэсний бизнес болон өргөжсөнийг харуулж байна.

“Монжүүс” ХХК-ийн бүтээгдэхүүний багцад жүүс, эрдэс болон хийжүүлсэн ус, электролит ус, савласан цай, сүүн ундаа, хүүхдийн ундаа зэрэг төрөл багтдаг ба GOOD, Мульт, Үзэм, МОЖУ, ARA, Plus+, KOKO зэрэг брэндээрээ хэрэглэгчдэд хүрч байна.

Бүтээгдэхүүний онцлог нь хэрэглэгчдийн өөр өөр хэрэгцээнд нийцсэн амт, найрлага, савлагааны сонголтыг бий болгосонд оршино. Тухайлбал, Үзэм брэндийн бүтээгдэхүүнийг нэмэлт сахар болон хадгалагч бодисгүй гэж танилцуулсан бол ARA эрдэс усыг pH 8–8.5 үзүүлэлттэй, 330, 500, 1,000 миллилитрийн савлагаатайгаар санал болгожээ.

Мөн GOOD жүүсийг тоор, алим, жүрж-лууван, тропикал зэрэг сонголттойгоор үйлдвэрлэдэг бол Plus+ электролит ус, KOKO кокосын амттай сүүн ундаа зэрэг бүтээгдэхүүнээр нэр төрлөө төрөлжүүлсэн байна.

“Монжүүс” ХХК 2020 онд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, зах зээлийн нөхцөл байдалд тулгуурлан компанийн засаглал, үйл ажиллагааны менежмент, техник, технологийн шинэчлэл хийж, шинэ нэр төрөл, бүтээгдэхүүний амтыг нэвтрүүлсэн. Хамт олны зүгээс цаашид бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, хэрэглэгч төвтэй компанийн хөгжлийг зорьж байгаагаа илэрхийллээ.

Шингэн хүнсний зах зээлд хэрэглэгчдийн сонголт, бүтээгдэхүүний чанар, савлагаа, түгээлтийн хүртээмж чухал байр суурь эзэлдэг. Энэ хүрээнд үйлдвэрлэлийн технологийг тасралтгүй сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг хэрэглэгчдийн хэрэгцээтэй уялдуулах, чанарын тогтвортой байдлыг хангах нь дотоодын үйлдвэрлэгчдийн цаашдын хөгжлийн үндсэн чиглэл билээ.