Өмнөговь
4 цагийн дараа
143
Ногдол ашгаа хуваахаа ярьж байхад Оюутолгойн экспорт 70 хувиар буурчээ

Монгол Улс 2027 онд “Оюутолгой” компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг хүртэх хүлээлттэй байна. Гэвч энэ мөнгийг иргэдэд шууд тараах уу, Үндэсний баялгийн санд хуримтлуулах уу, эсвэл эдийн засгийн томоохон төслүүдэд зарцуулах уу гэдэг асуудал улс төрчид, эдийн засагчид болон олон нийтийн дунд маргаан дагуулсаар байна.

Хамгийн сүүлд буюу энэ сарын 3-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт чиглэл өгч, Оюутолгойн ногдол ашгийг орж ирэх бүрд иргэдийн дансанд шилжүүлэх зохицуулалт боловсруулахыг үүрэг болгосон. Үүний дараа Сангийн сайд З.Мэндсайхан ногдол ашгийг иргэдэд олгохын тулд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатай хэмээн ярьж байсан бол өнөөдөр Засгийн газар бэлэн мөнгө тараах шийдвэрийг дэмжихгүй гэж мэдэгдлээ. 

Гэвч бид ногдол ашгийг хэрхэн хуваарилах тухай маргаж байх зуур түүнийг бий болгох экспортын нөхцөл байдал ямар байгааг анхаарах шаардлага үүсээд байна. Тодруулбал, аравдугаар сарын 15-наас эхлэн Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтрэх зэсийн баяжмал тээвэрлэлтийн цувааны тоо эрс буурчээ. Өмнө нь өдөрт 13-15 цуваа хил нэвтэрдэг байсан бол одоо 3-4 болж, Оюутолгойн зэсийн баяжмалын экспорт ойролцоогоор 70 хувиар саараад байна.

Үүнд Хятадын талын Ганцмод боомтын нэвтрүүлэх хязгаарлалт, засвар үйлчилгээ нөлөөлж байгаа бөгөөд засварын ажил арванхоёрдугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Энэ талаар “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх “Борлуулалт хийж чадахгүй байхад ямар юмных нь ногдол ашиг байх вэ дээ” хэмээн хэвлэлд ярьжээ. Өөрөөр хэлбэл, гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж тооцоолж, түүнийг хэрхэн зарцуулах талаар улс даяараа хэлэлцэж байгаа ч экспортын саатал, борлуулалтын орлого тасалдах эрсдэл бодитоор үүсээд байна. Одоогоор хүлээгдэж буй ногдол ашгийн хэмжээ, бодит орж ирэх хугацаа эцэслэн баталгаажаагүй байгааг ч анхаарах хэрэгтэй.

Монгол Улсын экспортын орлогын дийлэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал бүрдүүлдэг. Ийм нөхцөлд ганц боомтын нэвтрүүлэх хүчин чадал буурахад л улсын экспортын орлого, валютын урсгалд нөлөөлөх эрсдэл бий болж байна. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг нь дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл, хөрш орны бодлого, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал зэрэг биднээс шууд хамаарахгүй хүчин зүйлд эмзэг байдаг. 

Ногдол ашгийг иргэдэд тараах уу, хуримтлуулах уу гэдэг нь чухал асуудал мөн. Гэхдээ түүнээс ч чухал нь өнөөдөр хүртэхээр тооцоолж буй орлогоо маргааш ч тогтвортой бий болгож чадах эдийн засгийн суурийг бүрдүүлэх явдал юм.