

Ахмад настнуудын тэтгэвэр нэмэгдэж, эмнэлгийн ажилтнуудын цалин 20 хувиар өсөж эхэллээ. Төр үүнийг иргэдийн амьжиргааг дэмжсэн бодлого гэж тайлбарлана. Харин иргэдийн хувьд гар дээрээ хэдэн төгрөг илүү авах нь бус, тэр мөнгөөрөө өмнөхөөсөө илүү зүйл худалдан авч чадах эсэх нь чухал.
2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настнуудын ажилласан жилээс хамааран 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлсэн. Мөн эмнэлгийн ажилтнуудын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шийдвэр хэрэгжиж байна. Гэвч орлого нэмэгдүүлэх шийдвэр бүрийн дараа иргэдийн санааг зовоодог нэг асуудал бий. Тэр нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт.
Иргэдийн ярьж буйгаар цалин, тэтгэвэр, халамж нэмэгдэх тухай сураг гарахтай зэрэгцэн худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмдэг. Хэдэн төгрөгийн нэмэгдэл авахаа тооцож амжаагүй байхад хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөж, нэмэгдэл орлого нь өрхийн өдөр тутмын хэрэглээнд шингээд алга болдог. Төрөөс нэг талдаа иргэдийн орлогыг нэмэгдүүлж байгаа ч үнийн өсөлтийг хязгаарлах хэрэгтэйг иргэд хэлж байна.
Цалин, тэтгэвэр нэмэгдэхэд иргэдийн худалдан авах чадвар сайжирч, зах зээл дэх бараа бүтээгдэхүүний эрэлт өсдөг. Харин эрэлтийг дагаад нийлүүлэлт нэмэгдэхгүй бол үнэ өсөх дарамт бий болдог. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодит үйлдвэрлэл, бүтээмж нэмэгдээгүй байхад зах зээлд мөнгө нэмж нийлүүлэх нь инфляцын эрсдэлийг дагуулна. Жишээлбэл, иргэний цалин 10 хувиар нэмэгдсэн ч өргөн хэрэглээний барааны үнэ 15 хувиар өсвөл түүний бодит худалдан авах чадвар буурна. 2026 онд шатахууны нийлүүлэлтийн доголдол, махны нийлүүлэлтийн бууралт зэрэг хүчин зүйл инфляцын дарамтыг нэмэгдүүлж, инфляц 13 хувьд хүрээд байна. Ийм үед орлого нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэхдээ үнийн тогтвортой байдлыг давхар анхаарах шаардлагатай.
Төр нэмсэн нэртэй, иргэд авсан нэртэй үлдэх вий
Төрөөс ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүллээ гэж зарлаж болно. Гэвч хүнсний бүтээгдэхүүн, мах, шатахууны үнэ өссөөр байвал нэмэгдсэн мөнгөний үнэ цэн буурна. Тэтгэврийн нэмэгдэл нь ахмад настнуудын амьдралд дэмжлэг болохын оронд зах зээлийн үнийн өсөлтийг нөхөх төдий болж хувирна. Тиймээс төр зөвхөн иргэдийн гар дээр очих мөнгийг нэмэгдүүлэх бус, зах зээл дэх шударга өрсөлдөөнийг хангах, нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үнийн үндэслэлгүй өсөлтөөс сэргийлэх бодлого хэрэгжүүлэх ёстой.
