

Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлэн мөнгө хэлбэрээр олгох болон төрөөс халамж тараах асуудлаар УИХ-ын гишүүн С.Даваасүрэн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд улстөрчдийн амлалт, шийдвэрийн улмаас их хэмжээний мөнгийг бэлэн мөнгө, халамж хэлбэрээр тараасан нь эдийн засагт бодит үр өгөөжөө өгөөгүй гэж үзэж байна.
“Өнгөрсөн хугацаанд улстөрчдийн попорлоос болж их хэмжээний мөнгө тарааж байна. Одоогийн байдлаар хоёр их наяд төгрөгийг халамж хэлбэрээр тарааж байгаа. Энэ байдал 20 жил үргэлжиллээ. Яг ижил түвшнээс хөгжлөө эхлүүлсэн Казахстан, Узбекистантай харьцуулахад бид хол хаягдсан байна. Яагаад гэвэл манайд үйлдвэр алга, ажлын байр нэмэгдэхгүй байна. Иргэд хангалттай орлоготой, цалинтай байж улс орон хөгжинө.
Төр барьж байгаа хүмүүс ард түмэндээ таалагдах гэж сууж байгаа биш, улс орноо авч явах, иргэддээ бодит байдлыг ойлгуулах гэж сууж байгаа шүү дээ. Улстөрч хүн бодит асуудлыг тайлбарлаж, ард иргэдээ урагш хөтлөх ёстой. Гэтэл манай улстөрчид олон нийтийн хандлага хаашаа эргэнэ, тэр зүгт явж байна. Зүгээр ард түмнээсээ асуугаад улс орноо авч явна гэвэл төр засаг байгаад яах юм.
Улстөрчид улс орноо авч явах ёстой болохоос биш, ард түмэнд таалагдах үүрэггүй. Бэлэн мөнгө тараавал нэгдүгээрт, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, инфляц өснө. Жилд манай мөнгөний нийлүүлэлт хоёр их наядаар өсдөг байсан бол энэ жил 10 их наядаар өсөж байна. Өөрөөр хэлбэл, нэг ам.долларт ногдох төгрөгийн хэмжээ нэмэгдэж байна гэсэн үг. Эцсийн дүндээ бэлэн мөнгө тарааснаар бодит үр дүн гарахгүй.
Орон сууцаар ард түмнээ бүрэн хангах хэмжээний мөнгийг бид өнгөрсөн хугацаанд бэлнээр тараасан байна. Би ийм шийдвэрүүдийг үргэлж эсэргүүцэж ирсэн. 2012 онд анх удаа хүүхдийн мөнгөнөөс татгалзах санал гаргаж, зөвхөн зорилтот бүлгийн өрхүүдэд олгоё, халамжийн мөнгийг хавтгайруулж тараахаа больё гэж хэлж байсан. Намайг үйлдвэр барья гэхээр идчихлээ гээд солиорцгоогоод байна” гэв.
