

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2026.11.04) хуралдаан 14.43 цагт Улсын Их Хурлын 17 гишүүн хүрэлцэн ирснээр 53.1 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар даргалж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу ирцийг дэлгэрэнгүй танилцуулсан.

Эхлээд Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Засгийн газраас энэ оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7 дахь хэсэгт заасны дагуу чуулганаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 52.9 хувь нь дэмжлээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүний 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг ээлжит чуулганаар хэлэлцүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.7 хувь нь дэмжсэн. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нарын 18 гишүүний энэ сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Тариалангийн индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг ээлжит чуулганаар хэлэлцүүлэхийг хуралдаанд оролцсон 17 гишүүний 12 нь дэмжив. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Б.Жаргалан нарын энэ оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ээлжит чуулганаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 64.7 хувь нь дэмжсэн юм.

Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг ийн шийдвэрлэсний дараа “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.1-д зааснаас бусад асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид тухайлан заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа холбогдох хуульд заасны дагуу ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж, 45.5 дахь хэсэгт “Байнгын хороо боловсруулан Улсын Их Хуралд оруулах асуудлыг энэ хуулийн 45.2, 45.3, 45.4-т заасан журмын дагуу хэлэлцэнэ” гэж тус тус заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын Их Хурлын даргад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаас 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдөр албан бичгийг ирүүлсний үндсэн дээр төслийг боловсруулжээ.


Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар, А.Ариунзаяа, Э.Болормаа, Ж.Баярмаа, С.Бямбацогт нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа байр сууриа илэрхийллээ. Удирдлагыг нь Улсын Их Хурлаас томилдог байгууллагуудын цалинг тухай бүрд нь хэлэлцдэг байдлыг халж, нэгдсэн цалин хөлсний бодлогын хүрээнд цогцоор нь итгэлцүүрийн аргачлалаар тооцох саналыг С.Зулпхар, А.Ариунзаяа, Ж.Баярмаа нарын гишүүд илэрхийлээд, төслийг дэмжив. Ийнхүү байгууллага тус бүрээр шийдвэрлэх нь байгууллага хоорондын цалингийн харьцааг алдагдуулж, байгууллага бүр цалингаа өөрчлүүлэхээр өрсөлдөх нөхцөл бүрдүүлж байгааг тэмдэглээд төрийн албанд үүссэн цалингийн гажуудлыг нэгтгэн засах хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийлж байлаа.
Тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд гарах үр нөлөөний талаар Э.Болормаа гишүүн лавлахад холбогдох мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга Г.Билгүүн өгөхийн сацуу “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалин Улсын Их Хурлын холбогдох тогтоолын дагуу нэрлэсэн дүнгээр тооцогддог. Төрийн албан хаагчдын цалинтай холбоотой аливаа шийдвэр гарахад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийнхийг тухай бүр нийцүүлэх боломжгүй, Улсын Их Хурлын холбогдох тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүсдэг. Иймээс итгэлцүүрээр тооцох нь оновчтой хэмээн үзэж, асуудлыг танилцуулж байгаа юм” хэмээн тайлбарласан.

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Хэлэлцэж буй Улсын Их Хурлын тогтоолын төслийн хүрээнд төрийн аудитын байгууллага болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн цалингийн асуудлыг шийдвэрлэх бөгөөд Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын цалинг тус бүрд нь шийдвэрлэдэг байдлыг өөрчлөх шаардлагатай хэмээх гишүүдтэй санал нэг байгаагаа илэрхийллээ. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагын цалин, хөлсийг нэгдсэн журмаар тогтоодог болох нь зүйтэй хэмээсэн. Зарим байгууллагын цалинг мөнгөн дүнгээр, заримыг нь итгэлцүүрээр тогтоож байгаа нь тэгш бус байдал үүсгэж байгааг С.Бямбацогт дарга тэмдэглээд, ижил түвшний албан тушаалтнууд нэг зарчмаар цалинждаг нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэв. Иймд эл асуудлыг энэ ондоо багтаан нэгтгэн судалж, багцлан боловсруулан Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх асуудалд Төрийн байгуулалтын байнгын хороо болон Төрийн албаны зөвлөл анхаарч ажиллах нь зүйтэй гэлээ.
Ийнхүү төслийг хэлэлцээд, холбогдох санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.8 хувь нь “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулах нь зүйтэй хэмээн дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал бол “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл байв. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар энэ талаар танилцууллаа.
Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой 2026 онд тохиож байгааг танилцуулгын эхэнд дурдсан юм. Их Эзэн Чингис хаан эдүгээгээс 800 гаруй жилийн өмнө Монголын эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан их хаанаар өргөмжлөгдөж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг дахин нэгтгэн, Их Монгол Улсыг сэргээн мандуулсан байдаг.
Их Эзэн Чингис хааны төр улсаа байгуулж, нэгтгэн төвхнүүлсэн түүхэн үйл хэрэг, төрийн байгуулал, хууль цааз, засаглалын уламжлал нь Монголын төдийгүй дэлхийн түүх, соёл иргэншлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдгийг төслийн танилцуулгад онцолжээ. Иймд дээрх түүхэн ойг тохиолдуулан Их Монгол Улсын түүхэн өв, Их Эзэн Чингис хааны суу алдар, төрт ёсны өв уламжлалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах, хамгаалах, сэргээн дэлгэрүүлэх, олон улсын хэмжээнд сурталчлах, эдийн засаг, нийгэм, соёлын эргэлтэд оруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа хэмээн үзсэн байна.
Эдгээр түүхэн ойг тохиолдуулан эх орон, үндэстний түүх, соёл, төрт ёсны өвөө эрхэмлэн дээдлэх, залуу үеийг эх оронч үзлээр үеийн үед хүмүүжүүлэх, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэх, түүх, соёл, өв уламжлал, төрт ёсны үнэт зүйлийг дотоод, гадаадад сурталчлан таниулах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний бахархал, ухамсрыг бэхжүүлэх нь чухал ач холбогдолтой хэмээн Б.Баярбаатар гишүүн танилцуулав.

Мөн Монголын их хаадын угсаа гарвал болон монгол туургатныг дахин нэгтгэж, Их Монгол Улсаа сэргээн мандуулсан түүхэн үйл явдал, XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдралыг тодорхой тусгасан үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, зан заншлын их нэвтэрхий толь, он цагийн дарааллын бичмэл түүхэн сурвалж болох “Монголын нууц товчоо”-нд дурдагдсан үйл явдал болсон газар нутгийг тогтоож, тэдгээр түүхийг алдаршуулан мөнхжүүлэх, Монгол Улс даяар үндэсний бахархлыг түгээн дэлгэрүүлэх нь ард түмний эв эеийг бэхжүүлэх, ирээдүй хойч үедээ эх орноо хайрлах, эх оронч үзлийг бататгах чухал ач холбогдолтой гэв.
Эдгээр хэрэгцээ, шаардлагыг харгалзан Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх, суу алдар, агуу их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, алдаршуулан мөнхжүүлэх, төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх, эв эеийг бататгах зорилгоор тодорхой арга хэмжээ авах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир, Л.Гантөмөр нар асуулт асууж, Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт хариулт, мэдээлэл өглөө. Тогтоолын төсөл дэх Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулах асуудлыг тодруулахад Улсын Их Хурлын дарга хариулахдаа “Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих тусгай сан байгуулж, уг сангийн хөрөнгөөр Их Эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол Улсын түүхийг хамгаалах, сурталчлах үйл ажиллагааг санхүүжүүлэх санал боловсруулж Улсын Их Хуралд танилцуулах чиглэлийг Засгийн газарт өгөхөөр тогтоолын төсөлд тусгасан” хэмээлээ.

Энэ сарын 10-ны өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу Их Эзэн Чингис хаан мэндэлсэн өдөр тохиож, улс даяараа ойг тэмдэглэн нийтээр амардаг болохыг С.Бямбацогт дарга дурдаад “Мөн өдөр Монгол Улсын Их Хурлал хүндэтгэлийн хуралдаан хийхээр захирамж гарсан байгаа. Энэ оны 7 дугаар сарын 09-ний өдөр Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил буюу тэгш ойг тохиолдуулан уламжлал ёсоор Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хийхээр товлож байсан ч хойшлуулсан. Мөн 8 дугаар сард Өвөрхангай аймгийн Хархорин суманд Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан хийхээр судалсан ч Улсын Их Хурал зөвхөн Төрийн ордонд л хуралдах хуультай учраас, хууль дээдлэх зарчмаа баримталсан. Тэгш ой тохиолдуулан хүндэтгэлийн хуралдаан хийж ирсэн уламжлалын дагуу Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлаад байна” гэв.
Энэ хүрээнд эх түүх, уламжлалаараа бахархаж, омогшдог ард түмний хувиар Их Эзэн Чингис хааныхаа үйл хэрэг, Монголын төдийгүй дэлхийн түүх, соёл иргэншлийн хөгжилд оруулсан хувь нэмэр, Их Монгол Улсынхаа түүх, соёлыг сурталчлах, үр хойчдоо өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх тогтоол гаргах нь зүйтэй хэмээн үзэж төслийг боловсруулсан болохоо хэлсэн.
Улсын Их Хурлын дарга хэлэхдээ “Их Монгол Улсын түүх, Монголын их хаад, монгол туургатны соёл, өв, уламжлалтай холбоотой түүхэн баримт сурвалжууд, соёлын дурсгалт олдворууд байдаг. Эдгээрийг боломжоороо Монгол Улсад цуглуулах, эсвэл зохих хугацаагаар авч ирж монголчуудадаа үзүүлж, таниулах арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Болохгүй, бүтэхгүй гээд хойш суухгүйгээр санал, санаачилга гаргая. Ташрамд дуулгахад, Тогоонтөмөр хааны үеийн хууль цаазын бичгийн цор ганц хувь БНСУ-д хадгалагдаж байдгийг Монгол Улс энэ сард багтаан авч ирж, “Чингис хааны музей”-д байрлуулна. Түүхэн ховор үзмэрийг эх орондоо дэлгэж иргэдэдээ үзүүлж, таниулахаар ажиллаж байна. Энэ тэргүүтэй чухал үйл ажиллагааг дэмжих төрийн бодлогын эхлэл болгож, түүхт тэгш ойг тохиолдуулан Улсын Их Хурал тогтоол батлах нь зүйтэй хэмээн үзсэн. Төсөл батлагдсан тохиолдолд Улсын Их Хурлын эл шийдвэр цаашид манай түүхчид, судлаачид, эрдэмтэн мэргэдийн мэргэжлийн үйл ажиллагаа, энэ төрлийн ажил, арга хэмжээнд нь чухал дэм болно хэмээн үзэж байгаа” гэлээ.

Л.Гантөмөр гишүүн Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг зарлаж буйг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Үүний ташрамд, Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан нь зүйтэй хэмээгээд “Бид Их Эзэн Чингис хаанаа хүндэтгэх учиртай. Энэ агуулгаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаад монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсан. Иймд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг архи, тамхи зэрэг бараа, бүтээгдэхүүний шошгонд хэрэглэхгүй байх нь зүйтэй” хэмээгээд холбогдох зарчмын зөрүүтэй саналыг гаргалаа.


Улсын Их Хурлын гишүүн Л.Гантөмөрийн гаргасан төслийн 5 дахь дэд заалтын “журамлах” гэсний дараа “… аливаа төрлийн согтууруулах ундаа болон тамхинд ашиглахыг хориглох …” гэж нэмэх саналыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 12 гишүүн буюу Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6. хувь нь дэмжсэн. Дараа нь “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанд оруулж, батлуулахыг дэмжих эсэхээр санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 17 гишүүний 12 нь дэмжснээр энэ талаарх санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
