М.Нансалмаа
Сэтгүүлч
Нийгэм
1 цагийн өмнө
226
ОХУ-ын нийлүүлэлт хэвийн байхад яагаад шатахууны дараалал хэвээр байна вэ?

Нийслэлчүүд шатахуунд дугаарлаж, орон нутгийнхны хувьд шатахуун нүдний гэм болсон амьдралдаа хэдийн дасчээ. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас үүсээд буй нөхцөл байдлыг нийлүүлэлттэй холбон тайлбарладаг.

Харин ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монгол Улсад үүсээд буй шатахууны хомсдол нь нийлүүлэлтээс бус дотоод зохион байгуулалтаас үүдэлтэй гэжээ.

Тэрбээр “Монголын шатахуун түгээх станцуудад автомашинууд дараалал үүсгэж байгааг анзаарсан. ОХУ-ын дотоодын шатахууны зах зээлд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн хэдий ч Монгол Улсад нийлүүлэлтээ тасралтгүй үргэлжлүүлж байна. Түүнчлэн нисэхийн түлш, автобензин, дизель түлш зэрэг бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаа” хэмээн мэдэгдсэн байна. Элчин сайдын үзэж буйгаар Монгол Улсад үүсээд буй шатахууны хомсдол үндсэн хоёр шалтгаантай аж.

Нэгдүгээрт, шатахуун хадгалах сав, агуулахын хүчин чадал хангалтгүй байгаа нь нийлүүлэлтийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Хэдийгээр агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэрүүд гарсан ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг тэрбээр онцолжээ.

Хоёрдугаарт, ОХУ-аас шатахуун импортолж буй компаниуд бүтээгдэхүүний түгээлт, борлуулалтыг шаардлагатай түвшинд шуурхай зохион байгуулж чадахгүй байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Энэхүү ярилцлагын дараа иргэдийн дунд шатахууны үнийг нэмэхийн тулд зохиомол хомсдол үүсгэж, АИ-92 шатахууныг евро-92 гэж зарж байна гэсэн таамаг үүсээд байна. Харин АҮЭБЯ-наас дараах тайлбарыг өгсөн юм. “Энгийн 92 шатахууныг евро гэж зарах боломж байхгүй. Ашигт малтмал газрын тосны газраас тогтмол шалгалтыг хийж байгаа. Иргэд сэжиглэж байгаа тохиолдолд тухай бүрд нь мэдээллийг өгснөөр явуулын станц шинжилгээ хийх боломжтой” гэлээ.

“Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэгчээр шатахуун байхгүйн зовлон биш байгаагаа хадгалах савны хүрэлцээгүйн зовлон тулгараад байна. ОХУ-аас шатахуун тээвэрлэн орж ирсэн вагонуудыг суллаж, буцааж чадахгүй байгаагийн улмаас оочир дараалал хэвээр байгаа юм.