
ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд А.Н.Евсиковын Монгол Улсын шатахууны хомсдол нь нийлүүлэлтээс шалтгаалаагүй гэсэн агуулга бүхий ярилцлага өгсөн. Тэгвэл АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням дараах тайлбарыг өглөө. Тэрээр найман минутын ярилцлагын туршид "Бид ОХУ-д талархах ёстой" гэж гурвантаа хэлэв.
Г.Дамдинням: “ОХУ дотоод нөхцөл байдал хүнд байсан ч манай улсад шатахуун нийлүүлсээр байгаад бид талархах ёстой. Манай улсын долдугаар сарын хэрэглээ 90 мянган тонн байдаг. ОХУ-аас 47 мянган тонны боломж гаргаж өгсөн. Наймдугаар сард 100 мянган тонны хэрэглээтэй ч 64 мянган тонныг авсан. Арван нэгдүгээр сард 92 мянган тонны захиалгыг баталгаажуулсан учраас харьцангуй тайван байна. Он гараад эхний саруудад улс орнуудын хэрэглээ буурдаг учраас амжаад нөөцөө бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Хил дээр энгийн 92 шатахууныг оруулахгүй гацаагаад байгаа зүйл байхгүй. Агуулах сав хүлээгдээд байгаа шалтгаан нь зуны дизель түлшээ бүрэн дуусгаж, сав суулгаа суллах байсан. Одоо энэ асуудал шийдэгдсэн.
Энгийн 92-ыг евро-92 гэж зарсан нь тогтоогдвол хатуу хариуцлага тооцно.
Энгийн 92 шатахууны үнийг 100 төгрөг ч болов буулгахаар төлөвлөж байна. Еврог буулгах боломжгүй. Энгийн 92 шатахуун дээр л оочирлож байна. Евро 92 дээр ямар ч оочир алга. Бүтээгдэхүүнтэй байна гэдэг сайн зүйл.
Зургаадугаар сараас эхлээд хотын төвийн бүсүүдэд зөвхөн Евро 92 шатахууныг хэрэглэнэ гэсэн шийдвэрийг Байгаль орчны сайд, Улаанбаатар хотын захирагч гаргасан. Бага стандарттай шатахуунаас гардаг бензол, хар тугалганы хольц нь хавдрын өвчлөлд нөлөөлдөг. Хямдыг нь бодоод хэрэглэж байгаа боловч эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг судлаачид зөвлөдөг” гэв.
Сайдын зүгээс ОХУ-ын энгийн 92 шатахууныг Казакстан, манайх хоёр л авдаг. ОХУ дотооддоо хомсдол үүссэн тохиолдолд л хэрэглэсэн. Бид хямдыг нь бодоод бага стандарттай шатахууныг аваад байна гэлээ.
Чухамдаа евро 92 байхад энгийн 92 дээрээ л оочирлоод байна, бүтээгдэхүүнтэй байгаа нь их юм гэчихлээ. Бид цаашдаа литр нь 5600 төгрөгний үнэтэй евро 92 шатахууныг хэрэглэдэг болох уу?
Шууд үзэх:
