
УИХ-ын гишүүн С.Амарсайханаас Оюутолгойн ногдол ашгийн талаар байр суурийг тодрууллаа. Тэрээр “Нэгдүгээрт, Оюутолгойн ногдол ашиг бол баталгаатай орлого биш. Удирдлагууд нь ч “Орлого байхгүй юм чинь юугаа өгөх вэ” гэж хэлсэн. Иргэдэд өгнө, өгөхгүй гээд УИХ нь ч Засгийн газар нь ч тодорхойгүй байр суурьтай байна. Иргэд үнийн өсөлт, амьжиргааны доройтол гээд хамгийн хүнд ачааг үүрч байхад нэмээд сэтгэлзүйгээр нь тоглож болохгүй.
Засгийн газар шийдэмгий байж, шийдвэрээ тодорхой танилцуулах хэрэгтэй. Ногдол ашгийг бэлнээр тараавал тал 10 мянга болно гээд байх юм. Энэ үнийн өсөлтийг Засгийн газар удирдах ёстой шүү дээ. Гэтэл талхны чинь үнэ 10 мянга хүрнэ шүү гэж иргэдээ айлгаж байна. Энэ мөнгийг бэлнээр олговол эсвэл хуримтлалын дансанд хадгалбал ямар ямар нөлөө үүсэхийг тайлбарлах ёстой.
Иргэд аргаа барсан учраас л ногдол ашгийг авах гээд байна шүү дээ. Оюутолгойн ногдол ашгаар төсвийн цоорхойгоо нөхвөл үнийн өсөлтөд нөлөөлөхгүй. Харин иргэдэд бэлнээр олговол үнийн өсөлт нэмэгдэнэ гэдэг муйхар зүйл ярьж болохгүй.
Хэрвээ хуримтлалын санд байрлуулна гэж байгаа бол иргэдэд орон сууцны урьдчилгааг нь болгож өгөх хэрэгтэй” гэв.
Шууд үзэх:
