Засгийн газар
1 цагийн өмнө
235
Чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч СЗХ-ны дарга Т.Жамбаажамц суудалдаа хэвээр үлдлээ

 

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Т.Жамбаажамц 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд ажилласан бөгөөд 2025 онд тус хорооны даргаар томилогдсон юм.

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт түүнийг чөлөөлөх шалтгаанаа тайлбарлахдаа: “Санхүүгийн зохицуулах хороог цэгцлэхгүй бол болохгүй байна. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд хамтарч ажиллаж, тодорхой ажлууд хийх гэж үзсэн. Монголын ард түмэн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дарамтад орсон байна. Аппликэйшний зээлийн хүү 60 хувь, банк бусын зээлийн хүү 40 хувь болчихсон. Тиймээс энэ асуудлыг тодорхой шийдэх, ачаа үүрэх асуудал үүссэн учраас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна” гэв.

Улмаар Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжье гэсэн томьёоллоор нууц санал хураалт явуулахад 94 гишүүн оролцсоноос 54 нь дэмжээгүй байна. Ийнхүү УИХ-ын дарга С.Бямбацогтын зүгээс СЗХ-ны даргыг чөлөөлүүлэх санал гаргасан ч гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй. Т.Жамбаажамц үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хашихаар боллоо.

УИХ-ын дарга С.Бямбацогт 10 дугаар сарын 8-нд Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ 450 мянган иргэн давхар зээлтэй байгааг онцолж, зээлийн хүүг бууруулах бодлогын шийдэл танилцуулахыг үүрэг болгосон юм. Харин Санхүүгийн зохицуулах хорооноос аравдугаар сарын 21-нээс ББСБ-ын сарын зээлийн хүүг 4.5 хувиас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн байна

Гэвч бодит байдал дээр иргэдийн зээлийн дарамт нэмэгдэж, нэг зээлийг нөгөөгөөр төлөх замаар өрийн сүлжээнд орох тохиолдол олширч байна. 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар арилжааны банкны зээлийн сарын дундаж хүү 1.5 хувь буюу жилийн 18 орчим хувь байсан бол ББСБ-ынх сарын 3.7 хувь буюу жилийн 40 орчим хувь, цахим зээлийнх сарын 4.1 хувь буюу жилийн 50 орчим хувьд хүрчээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Санхүүгийн зохицуулах хороон дээр хугацаа нь дуусаад хоёр жил болсон хоёр дарга байгаа. Сү.Батболдын үеэл, бас нэг даргын хамааралтай хүн бий. Эдгээр хугацаа нь дууссан хүмүүсийг ярьдаггүй байж бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй, ажил хийе гээд явж буй даргыг чөлөөлөх болохоор хоёр хоногийн дотор хуралдаж үзээлж байна. Санхүүгийн зохицуулах хороо тэнд эзэнгүй үлдээх гэж байна. Тэгэхээр тэртээ тэргүй дараагийн томилгоо хийгдсэн, өөрөө өргөдлөө өгсөн бол энэ асуулгыг дараагийнх нь томилгоотой цуг явуулах ёстой.