

Ж.Баясгалан, О.Саранчулуун гишүүд санаачилж, 33 гишүүн дэмжсэн Саадгүй орчин хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл өглөө.
Тэрээр энэ хууль батлагдвал нийт Монгол Улсын 0-10 насны 750 мянга орчим хүүхэд, 500 мянган ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 106 мянган иргэн, мөн нялх хүүхэдтэй эхчүүд уг хуульд хамрагдахаар байна. Түүнчлэн жил бүр 170 мянга орчим иргэн шинээр хамрагдах тооцоололтой байна.
Зургаан жилийн хугацаанд боловсруулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн уг хуулийн төслийн талаар бүх яаманд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Мөн 2025 онд 21 аймгаар явж, иргэдээс санал авсан бол одоо хоёр дахь удаагийн санал асуулгыг зохион байгуулж 6 дахь аймаг дээрээ явж байна.
Санал асуулга арванхоёрдугаар сарын 2-нд дуусах бөгөөд УИХ-ын дарга С.Бямбацогт арванхоёрдугаар сарын 3-ны Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр хуулийн төслийг хэлэлцэх болно гэжээ.
