

УИХ-ын гишүүн Чойжилсүрэн Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллах амбиц байхгүй гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр “Би Ерөнхийлөгчтэй сар гаруйн өмнө уулзаж, улс орны амьдралын талаар ярилцсан. Сайд болно гэж огт яриагүй". Эрчим хүчний салбарын нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн. Энэ асуудлыг хэн ч тойрч гарах боломжгүй. Шийдвэрлэхгүй бол улам хүндэрнэ. Занданшатар сайдын бүрэн эрхийн хугацаанд эрчим хүчний салбарын асуудал сайдаасаа болж байна гэж үзэж байгаа бол би огцроход бэлэн гэдгээ сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд илэрхийлсэн. Гэхдээ энэ салбарын асуудал хувь хүнээс шалтгаалаагүй. Хэн нэгэн албан тушаалтай байх, эсэх нь тийм чухал биш.
Одоогоор надад Эдийн засаг, хөгжлийн сайд болох амбиц байхгүй. Санал тавибал тухайн үед нь бодож үзнэ. Санал тавиагүй байхад юуг нь ярих вэ? Зүүдэнд ч оромгүй явдал боллоо.
Хоёр удаа Эрчим хүчний сайдаар ажилласан хүний хувьд Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийг Эдийн засаг, хөгжлийн яамнаас авч, би хэрэгжүүлээд өгье гэсэн яриа, хэлэлцээрийг улс төрийн хүрээнд хийж байна гэх хардлага байж болно. Одоо энэ асуудлыг хариуцсан сайд нь байгаа учраас түүнээс нь асуух хэрэгтэй.
Эрчим хүчний асуудлыг надаас биш, Найдалаа сайдаас асуу. Өмнөх сайд нь одоогийн сайдаа дүгнэх нь зохисгүй. Мөн Увс аймгийн Засаг даргыг огцруулах эрх УИХ-ын гишүүнд байхгүй. Энэ бол аймгийн ИТХ-ын бүрэн эрхийн асуудал. Би хөндлөнгөөс ямар нэгэн зүйл хэлэхгүй. Шалгалтын комисс ажилласан байна лээ. Увс аймгийн талцал, хуваагдлын асуудал гайгүй болсон. Увсын ард түмэн Ардын намыг үргэлжлүүлэн сонгосоор байна.
Надад УИХ-ын гишүүн гэсэн хангалттай албан тушаал байна. Цаашид хоёр, гурав дахь албан тушаалтай болох бодол алга. Ирж амжаагүй саналд болно, болохгүй гэсэн хариулт өгөх боломжгүй” гэлээ.
