Орон нутаг
3 цагийн дараа
141
Төрийн дуулал бол Үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаа “Увс нуур” дуугаар хаасан нь олон нийтийн шүүмжлэл дагуулаад байна.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд Төрийн дууллыг эгшиглүүлэх тохиолдлуудыг тодорхой заасан байдаг. Тухайлбал, Төрийн тугийг хүндэтгэн залах ёслол, Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд тангараг өргөсний дараа, ард түмний баяр ёслолд зориулсан баярын хурал, цуглаан, ёслолын ажиллагааг нээхэд Төрийн дууллыг эгшиглүүлэхээр зохицуулжээ. Мөн тус хуулийн 22 дугаар зүйлд Төрийн дууллыг олон нийтийн өмнө эгшиглүүлэхэд оролцогчид босож, дуулж хүндэтгэхээр заасан байна.

Харин Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд ИТХ-ын хуралдааныг заавал Төрийн дууллаар хаана гэсэн тусгайлсан заалт байхгүй. Тиймээс зөвхөн өөр дуу эгшиглүүлсэн гэдгээр нь хууль зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй юм. Гэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллагын хуралдааныг ямар дуугаар хаах нь хуульд тусгайлан заагдаагүй байхад “Увс нуур” дуу эгшиглүүлсэн нь яагаад ийм маргаан дагуулах болов?

Аймаг, сум бүр нутаг усныхаа түүх, соёл, дуу хууртай байх нь мэдээж. Түүгээрээ бахархах нь буруу биш. Гэхдээ нутгийн бахархал, үндэсний нэгдмэл байдлыг хооронд нь сөргөлдүүлж болохгүй. Монгол Улс 21 аймагтай ч нэг л тусгаар тогтносон улс. Бид аймаг, сумаараа талцаж хуваагдах бус, Монгол Улсын иргэд гэдгээрээ нэгддэг ард түмэн.

Тиймээс төрийн хэмжээний хурал, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд Төрийн дууллаа эрхэмлэн эгшиглүүлж, нутгийн дуугаа соёл, уламжлал, орон нутгийн бахархлаа илэрхийлэх бусад арга хэмжээнд дуулах нь үндэсний нэгдмэл байдлыг илэрхийлэх нэг зарчим байж болох юм. Энэ асуудлыг хууль зөрчсөн эсэх талаас нь бус, үндэсний ухамсар, эв нэгдэл, төрийн бэлгэ тэмдгээ дээдлэх хандлагын хүрээнд ч авч үзэх учиртай. Хуулиар заагаагүй шаардлагыг хууль зөрчсөн гэж буруутгах нь өрөөсгөл ч, нутгийн үзлээр үндэсний нэгдмэл байдлаа бүдгэрүүлэхээс болгоомжлох нь зүйтэй болов уу.