М.Нансалмаа
Сэтгүүлч
Гадаад мэдээ
5 цагийн дараа
128
Эсэргүүцлийн жагсаалын улмаас Эйфелийн цамхаг түр хугацаанд хаалгаа барьжээ

Өчигдөр буюу пүрэв гарагт Франц даяар цалин нэмэх, амьжиргааны өртгийн өсөлтийг бууруулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал болж, олон зуун мянган хүн оролцлоо. Үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан ажил хаялт, жагсаалд төрийн болон хувийн хэвшлийн ажилтнууд, оюутан сурагчид нэгдсэн байна.

Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр жагсаалд 600 мянга орчим хүн оролцсон бол CGT үйлдвэрчний эвлэл оролцогчдын тоог 1.6 сая гэж тооцжээ. Ийнхүү хоёр талын тооцоо ихээхэн зөрүүтэй байна.

Жагсагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх, нийт ажилтнуудын цалинг өсгөх, татварын тогтолцоог шинэчлэх, боловсролын салбарын нөхцөлийг сайжруулахыг шаардав.

Жагсаалын үеэр зарим хотод цагдаа болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглажээ. Францын эрх баригчид 448 хүнийг баривчилж, цагдаагийн 53 алба хаагч гэмтсэн гэж мэдээлсэн байна. Улс даяар 70 мянган цагдаа, аюулгүй байдлын ажилтан үүрэг гүйцэтгэжээ.

Ажил хаялтын улмаас нийтийн тээвэр, сургууль, их дээд сургуулийн үйл ажиллагаа доголдсон байна. Мөн жуулчдын хөл хөдөлгөөн ихтэй Эйфелийн цамхаг түр хугацаанд хаалгаа барьсан байна.

Францын Ерөнхий сайд Себастьян Лекорню ирэх даваа гарагт үйлдвэрчний эвлэлүүд болон ажил олгогчдын төлөөлөлтэй уулзаж, цалин хөлс, амьжиргааны өртгийн асуудлаар хэлэлцэхээр болжээ.

Энэхүү жагсаал нь Ерөнхийлөгч Эммануэль Макроны Засгийн газарт ирэх жилийн төсвийн зардлыг танах төлөвлөгөөтэй холбоотойгоор иргэдийн бухимдал нэмэгдэж буй үед болж байна. Франц улс 2027 онд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах бөгөөд Макрон Үндсэн хуулийн дагуу гурав дахь удаагаа дараалан нэр дэвших боломжгүй юм.