

Монгол улсын Засгийн газраас 100,00 айлын орон сууц үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөрийг 2030 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд 50,000 айлын янданг буулгах зорилтыг тавьжээ.
Нийслэлчүүдэд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол “орон сууц”. Өөрийн гэсэн байртай л болчихвол болно доо гээд зүтгэх олон гэр бүл бий. Бага хүүтэй ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байдаг ч танил талгүй л бол мөрөөдөл болсон гэж хэлэхэд болно.
Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн 55,000 өрх байна. Үүнийг нэн шаардлагатайгаар нь эрэмблэж, төрөөс дэмжих бодлогыг хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдэв.
100,000 айлыг хэрхэн орон сууцтай болгох вэ?
Нэгдүгээрт, хувийн хэвшилтэй хамтран 60,000 айлыг орон сууцтай болгоно. Үүнд эхний гурван жил нь зургаан хувийн хүүтэй, үлдсэн 17 жил нь арванхоёр хувийн хүүтэй байна.
Хоёрдугаарт, төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд 40,000 айлыг хамруулж, орон сууцтай болгоно. Өнөөдрийн байдлаар 1,008 айлын орон сууц болон Солонго 1,2 төслийн байруудад иргэдийг оруулах боломжтой байна.
Сонгон шалгаруулалтыг арилжааны банкууд зохион байгуулна.
1,008 айлын орон сууцыг иргэн өөрийн өмчлөлийн газраар солих эсвэл түр оршин суух боломжтой. Харин Солонго-1, 2 төсөлд хамрагдах өрхүүд газраа солих, түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөл гэсэн зарчмаар сонгон шалгаруулалтад оролцоно.
Үүнд:
- 10 хувь нь түрээс буюу шууд худалдан авалт хийх боломжгүй өрх
- 30 хувь нь түрээслээд өмчлөх буюу түрээслээд өмчлөх, ипотекийн зээлд хамрагдаж болно
- 10 хувь нь хамтын өмчлөл буюу ТОСК-той хамтран өмчилнө.
- 50 хувь нь дахин төлөвлөлтийн хүрээнд газрыг орон сууцаар солих боломжтой.
100 мянган айлыг орон сууцад хамруулахдаа:
- 20 хувь нь төрийн үйлчилгээний ажилтан
- 8 хувь нь ахмад настан
- 15 хувь нь залуу гэр бүл
- 15 хувь нь төрийн бусад албан хаагч
- 10 хувь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гэр бүл
- 10 хувь нь хувийн хэвшил, хувиараа хөдөлмөр эрхлэгч
- 5 хувь нь өрх толгойлсон эцэг, эх
- 5 хувь нь олон хүүхэдтэй гэр бүл
- 2 хувь нь гамшгийн улмаас орон гэргүй болсон гэж ангилжээ.
