
10 гаруй жил нэг нам засаглаж буй манай улсад иргэд сөрөг хүчнээс их зүйл горьлох нь гарцаагүй. Гэвч Ардчилсан нам эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаас илүүтэй дотоод хагарал, албан тушаалын тэмцэлдээ л төвлөрч байх шиг.
Сандал суудлын хэрүүл дуусах биш дээ
Тухайлбал, арваннэгдүгээр сарын 6-нд АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргаснаа мэдэгдэв. Түүнийг намын дотоод сонгуультай холбоотой зөрчил, гишүүдийн гомдлыг шийдвэрлэх талаар өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр чөлөөлсөн гэж тайлбарласан юм.
Гэвч уг шийдвэрийн хууль ёсны эсэх асуудал нам дотор маргаан дагуулаад байна. АН-ын Хяналтын ерөнхий хорооны зарим гишүүн Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлөх асуудлыг Хяналтын ерөнхий хороо бус, намын Үндэсний бодлогын хороо шийдвэрлэх ёстой гэж үзэж буй. Ийнхүү нэгэн шинэ маргаан дэгдлээ.
Шуудайнд хийсэн үхрийн эвэр лугаа...
АН-ын УИХ дахь бүлгийн даргаар Б.Түвшин аравдугаар сарын 12-нд сонгогдсон. Гэвч үүний дараахан бүлгийн дэд даргаар ажиллаж байсан Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Х.Тэмүүжин нар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.
Аравдугаар сарын 19-ний даваа гарагт бүлгийн хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшилжээ. Дараагийн хуралдаанд ердөө гурван гишүүн оролцсон тул ирц дахин бүрдээгүй байна.
Сонгогчдын Б хувилбарын байж байгаа царай
Ардчилсан намын хувьд 2027, 2028 оны улс төрийн сонгуулиудад амжилт гаргах зорилго тавьж буй энэ үед дотоод зөрчил улам хурцдах нь намын ирээдүйн улс төрийн байр сууринд нөлөөлөх эрсдэлтэй.
МАН 2016 оноос хойш гурван удаагийн парламентын сонгуульд дараалан ялалт байгуулж, арав дахь жилдээ төрийн эрх барьж байна. Ийм нөхцөлд эрх баригчдад хяналт тавих, өөр бодлогын хувилбар санал болгох хүчтэй сөрөг хүчин байх нь улс төрийн тогтолцооны чухал хэрэгцээ юм.
Гэвч сөрөг хүчний байр сууриа бодитоор илэрхийлэх ёстой АН дотоодын фракцын зөрчил, удирдлагын маргаанаа шийдвэрлэж чадахгүй хэвээр байна.
Үндсэндээ 10 гаруй жил МАН-ын засаглалын горыг амссан иргэдийн ирэх жилүүдийн сонгуулиас хүлээж буй Б хувилбарынх нь байж байгаа царай ийм л байна. Гэрээ засаад төрөө зас гэдэг сэн биш үү?
