
Мянганы суут хүмүүн, өнөөгийн дэлхий ертөнцийг үндэслэгчдийн нэг, монгол түмний өнө мөнхийн бахархал Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” маргааш тохионо.
Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Шинжлэх ухааны академид хүртээхээр боллоо.
Монголчуудын эрдэм ухааныг эрхэмлэн дээдэлж, эрдэмтэн мэргэдээ хүндэтгэн ирсэн түүхэн уламжлалыг орчин цагийн шинжлэх ухааны тогтолцоотой холбон хөгжүүлж, үндэсний эрдэм судлалын чадавхыг төлөвшүүлэн, эх хэл, түүх, соёлын өвийг судлан шинжилж, олон улсад сурталчлан таниулж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь ийнхүү үнэлж байна.
ШУА нь өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үндэсний эрдэм судлалын залгамж чанарыг хадгалж, орчин цагийн олон салбар бүхий шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэсэн юм.
1921 онд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсан нь үндэсний шинжлэх ухааны байгууллагын эх суурь болсон түүхтэй. Хүрээлэн 1931 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн, 1961 онд БНМАУ-ын Шинжлэх ухааны академи, 1992 оноос Монгол Улсын Шинжлэх ухааны академи нэртэйгээр эрдэм судлалын их үйлсийг удирдан зохион байгуулж ирлээ.
ШУА байгуулагдсанаар түүх, хэл бичиг, утга зохиол, эдийн засаг, байгалийн ухааны судалгаа өргөжин хөгжиж, хөдөө аж ахуй, анагаах ухааны байгууллагуудын судалгааны чадавх бэхжин, байгаль, техникийн ухааны хүрээлэнгүүд байгуулагдаж, суурь болон хэрэглээний судалгааг уялдуулан хөгжүүлэх, үндэсний судлаачдыг бэлтгэх, эрдэм шинжилгээний хамтлагийг төлөвшүүлэх, олон улсын хамтарсан судалгааг тогтмол хийх зэргээр дараа үеийн ололт амжилтын үндэс суурийг тавьсан юм.
ШУА нь Олон улсын монголч эрдэмтдийн их хурлыг тогтмол зохион байгуулж, өрнө, дорнын судлаачидтай хамтран ажилласнаар манай улс монгол судлалын олон улсын хамтын ажиллагааны тулгуур төв болон хөгжиж, монгол үндэстний түүх, хэл, соёлын өвийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлан таниулах, үндэсний ой санамжийг хадгалах, дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэж байна.
Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг тодорхойлон, монгол угсаатан Хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож, нүүдэлчдийн амьтны загварт урлаг Монголоос үүсэлтэйг баримтаар нотолсон юм.
Мөн Хүннү, Жужан, Уйгар, Түрэгийн Хаант Улсын үеийн хот балгад, Чингис хааны анхны нийслэл Аураг балгас, Эзэнт гүрний нийслэл Хархорум зэрэг эртний хотын судалгааг шинэ шатанд гаргаж, түүх, соёлын 100 гаруй мянган дурсгалт газрын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн, түүхийн дурсгалт газруудыг ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын өвийн жагсаалт”-д бүртгүүлж, эх түүхийн үзэсгэлэнгүүдээ гадаадын улс орнуудад тогтмол дэлгэн сурталчилж байна.
Монголын эрдэмтэн судлаачид олон улсын мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтран судалгаа шинжилгээний олон хээрийн судалгааны ажлуудыг амжилттай хийж ирсэн бөгөөд энэ хүрээнд ШУА-ийн эрдэмтэн судлаачид геологи, палеонтологи, геофизик, биологи, эртний түүхийн ховор, үнэт олдворыг сурвалжлан цуглуулж, шинжлэн судалж, онол практикийн үлэмж ач холбогдолтой шинэ дүгнэлт, таамаглал, тодорхойлолт дэвшүүлэн, олон арван хамтын болон нэг сэдэвт бүтээл туурвин газрын зураг, карт зохиож, дэлхийн шинжлэх ухааны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулжээ.
Манай улс 1970-аад оны эхээр “Интеркосмос”, “Интерспутник” байгууллагын гишүүн болсноор сансар судлалын эхлэл тавигдан, 1981 онд монгол хүн сансарт ниссэнд ШУА-ийн оруулсан хувь нэмэр, түүхэн гавьяа асар их юм.
Өдгөө ШУА нь 35 улсын 150 гаруй ШУА, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж, үндэсний судалгааг олон улсын эрдэм шинжилгээний орон зайтай холбож, хамтарсан судалгаа, эрдэмтдийн солилцоо, олон улсын хэвлэлд нийтэлсэн бүтээлүүд нь Монгол орны талаарх мэдлэгийг баяжуулахын зэрэгцээ үндэсний судлаачдын чадавхыг бэхжүүлж, шинжлэх ухааны салбарын нэр хүндийг өргөсөөр байна.
Байгалийн ухааны салбарын эрдэмтэд эх орныхоо ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эд, тэдгээрийг боловсруулах технологийн онолын болон хэрэглээний судалгаа хийж, үндэсний болон олон улсын оюуны 300 гаруй өмчийг батлуулан, 500 гаруй технологийн заавар, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж, 150 гаруй технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.
Мөн Монгол орны биологийн олон янз байдал, амьтан, ургамлын экосистем, бичил биетний биологи, экологи, генетик зүй тогтлыг судлан, биологийн нөөц, баялгийг хамгаалах, тогтвортой ашиглах үндэслэл боловсруулах, хавдрын өвчний молекул механизм, генетик шалтгааныг тогтоох, биологийн идэвхт шинэ эмт бодис илрүүлэх, бүтээгдэхүүний технологи бий болгох чиглэлээр ажилласан.
Амьтны аймгийн ангилал зүй, экологи, биологи, генетикийн судалгааны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэн 200 гаруй байгалийн шинэ нэгдэл, 70 орчим зүйл ургамлыг анх олж нээн дэлхийн мэдлэгийн санд бүртгүүлэхийн зэрэгцээ ховор, нэн ховор эмийн ургамлын генофондыг хадгалах, нөөцийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.
Түүнчлэн Монгол орны эртний тэнгис, нуур ус, эх газрын хурдас чулуулагт хадгалагдаж үлдсэн амьтан, ургамлыг илрүүлэх, удам төрлийн холбоо харьцааг нарийвчлан гаргах, олон улсын түвшинд баталгаажуулах, эртний уур амьсгал, орчныг судлах, био давхарга зүйн нэгжүүдийг тодорхойлох, эртний амьтан ургамлын судалгааны анхдагч болон харьцуулах жишиг цуглуулгын сан хөмрөгийг бүрдүүлэн баяжуулснаар манай улсын палеонтологийн судалгаа нь дэлхийд дээгүүр байранд үнэлэгдэх болсон юм.
Физикийн салбарын судалгааны зарим чиглэл дэлхийн түвшинд хүрч, квант орны онолын харьцангуй бага судлагдсан эгэл уртын бага масштаб дахь огторгуйн геометр бүтцийг “стохастик ба квант шинж чанартай” гэсэн таамаглал дэвшүүлж, классик ба квант орны онол боловсруулсан нь физикийн шинжлэх ухааны хөгжилд нэгэн шинэ чиглэл болжээ.
ШУА-ийн 16 эрдэм шинжилгээний хүрээлэнд 50 гаруй шинжлэх ухааны доктор, 280 гаруй докторын зэрэгтэй эрдэмтэн судлаач ажиллан, олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлүүдэд 3,800 гаруй өгүүлэл хэвлүүлсэн бөгөөд тэдгээрээс 90 гаруй мянган эшлэл хийгдээд байна.
