А.Марал-Од
Ажлын албаны сэтгүүлч
Товч мэдээ
3 цагийн дараа
86
“Болор артизан” брэнд уламжлалт нойтон хөрөнгөөр исгэсэн талхны үйлдвэрлэлээ өргөжүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Болор сүлд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2020 оноос “Болор артизан” брэндээрээ уламжлалт нойтон хөрөнгөөр исгэсэн талхны үйлдвэрлэлийг хөгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрд бүтээгдэхүүнээ түгээж байна.

“Болор артизан” брэндийн үйлдвэрлэлийн гол онцлог нь 100 хувь нойтон хөрөнгө ашиглан, зуурмагаа 24-48 цагийн турш байгалийн аргаар исгэдэг технологи юм. Австралийн Сидней хотоос гаралтай, 56 жилийн түүхтэй нойтон хөрөнгийг ашиглан сахар, химийн нэмэлт, чанаржуулагчгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь уламжлалт технологийг эрхэмлэсэн үйлдвэрлэлийн онцлог болж байна.

Өдгөө тус брэнд есөн төрлийн талх, хоёр төрлийн боорцог үйлдвэрлэж, өдөрт дунджаар 1,500 орчим талх хэрэглэгчдэд хүргэж байна. Үүнээс булууны ясны шөлийг шүүж зуурмагтаа ашигласан ясны шөлтэй талх, 100 хувь хөх тарианы гурилаар хийсэн талх, чиабатта зэрэг нь онцлох бүтээгдэхүүн юм.

Мөн овьёос, маалингын болон наранцэцгийн үрээр баяжуулсан, цардуулгүй цагаан будааны гурилаар хийсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Боорцгоо цэвэр малын өөхөн тосонд хайрдаг нь уламжлалт аргыг хадгалсан бас нэг онцлог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанар, технологийн онцлогийг хадгалж, үйлдвэрлэлээ тогтвортой хөгжүүлэхийн зэрэгцээ зах зээлээ өргөжүүлэх нь чухал. “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотоодын хүнсний үйлдвэрлэлийг төрөлжүүлж, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд үйлдвэрлэгч бүрийн оролцоо, санаачилга чухал үүрэгтэй.

“Болор артизан” брэндийн үүсгэн байгуулагч К.Болортуяа: Өдөр бүр ижил хариуцлагаар ажиллаж, бүтээгдэхүүн бүрт анхаардаг. Нойтон хөрөнгийн арчилгаа, зуурмагийн боловсруулалт, исгэлтийн хугацаа, жигнэлтийн горим, бүтээгдэхүүний хадгалалт, савлагаа зэрэг алхам бүр бидний хувьд чухал.

Өнөөдрийн байдлаар брэнд 25 орчим ээлжийн ажилтан, нийт 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот болон 21 аймагт, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүлжээ дэлгүүрүүдээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэж байна.

Ийнхүү уламжлалт нойтон хөрөнгөөр исгэх технологийг орчин үеийн үйлдвэрлэлтэй хослуулан, бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн цар хүрээгээ нэмэгдүүлж буй “Болор артизан” брэнд нь Монголын хүнсний үйлдвэрлэлд шинэ соёлыг төлөвшүүлж буй үндэсний үйлдвэрлэгчдийн нэг юм.