
Өвлийн идэшний үе эхэлж байна. Иргэд идшээ хөдөө орон нутгаас базаах эсвэл хүнсний захаас авах гэсэн хоёр сонголттой.
Малчдын гар дээрээс идэшний бяруу худалдаж авбал үнэ 1.5 саяас, эр хонь 400 мянгаас эхэлнэ. Харин нийслэлийн худалдааны төвүүдээс идшээ базаавал үхрийн ястай мах килограмм нь дунджаар 29 мянга, хониных 23 мянган төгрөгийн үнэтэй байна.
Өндөр настан: Тэтгэврийн маань тал нь эм тарианд явчихдаг. Гурван килограмм мах авахад л 90 мянга болж байна. Ганцаараа болохоор долоо хоногийн хэрэглээнд хүрдэг. Олон ам бүлтэй айлууд бол бүр л хэцүү шүү дээ.
Засгийн газар үнийн өсөлтийг бодлогын түвшинд зохицуулах үүрэгтэй. Гэвч өр тавьж, өвлийн идшээ авах боломжоор л хангаж байна.
Иргэд махаа бөөнд нь авч хүчрэхгүй байгаа нь үнэн тул Салбарын сайд ч үүнтэй эвлэрчээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат идэшний махаа аплликэйшний зээлээр авах боломжоор хангана гэв.
Тэрээр “Нийслэл болон ХХААХҮЯ хамтран арваннэгдүгээр сарын 20-ноос мах, хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулна. Энэ үеэр иргэд махыг Дэнжийн мянга захад нийлүүлдэг үнээр худалдан авах боломж бүрдүүлэх бөгөөд махыг жижиглэн савлаж худалдаална.
Мөн иргэдэд зээлээр мах худалдан авах боломж олгохын тулд арилжааны банкуудтай хамтран ажиллаж аппликэйшний зээлээр иргэдэд мах олгох ажлыг явуулна” гэсэн юм.
Монгол Улс хүн амаасаа 16 дахин олон малтай. 2024 оны судалгаагаар Монгол Улс нэг хүнд ногдол хонины тоогоороо дэлхийд тэргүүлдэг. Гэвч монголчууд өнөөдрийн нөхцөл байдалд өвлийн идшээ аппликейний зээлээр авах хэмжээнд хүрчээ.
