
Өмнөд Солонгосын Сөүл хотоос өмнө зүгт орших Соннам хотод лхагва гарагийн өглөөний оргил ачааллын үеэр автобус гэрлэн дохионы өмнө зогсож байсан 30 гаруй тээврийн хэрэгслийг мөргөж, 57 хүн гэмтсэн гэж холбогдох албаныхан мэдээлжээ.
Жолооны ард 60 гаруй насны эрэгтэй сууж явсан бөгөөд автобус өглөөний 07:34 цагт Соннам хотын Бундан дүүрэгт дөрвөн автобус, нэг ачааны машин, 27 суудлын автомашиныг дараалан мөргөсөн байна. Улмаар замын хөдөлгөөний хамгаалалтын хаалт мөргөж зогсжээ.
Автобус ойролцоогоор 100–150 метрийн зайд явж байхдаа дээрх тээврийн хэрэгслүүдийг мөргөсөн байна. Ослын улмаас есөн хүн хүнд, 48 хүн хөнгөн гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийн хэн нь ч амь насанд нь аюултай гэмтэл аваагүй гэж мэдээлсэн байна.
Автобусны жолооч цагдаагийн байгууллагад тоормос ажиллаагүй гэж мэдүүлжээ. Ослын шалтгааныг нарийвчлан тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Цагдаагийн мэдээлснээр жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан ч мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгахаар төлөвлөж байгаа аж.
