Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Улс төр
2026.11.12 11:55
281
Иргэд нь хоолгүй байхад ахин амьтан хооллох тухай ярих нь хэр зөв бэ Ц.Сандаг-Очир сайд аа

Иргэд нь хоолгүй, түлшгүй, үнийн өсөлт, инфляцын дарамтад байхад ахин амьтан хооллох тухай ярих нь хэр зөв бэ Ц.Сандаг-Очир сайд аа. Баавгай хооллох асуудлыг салбарын сайд нь  Засгийн газарт танилцуулж, нөөц хөрөнгөнөөс 1 тэрбум төгрөг 88 сая төгрөгийг шийдүүлсэн. Харин тэрээр түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газрын амьтдыг хооллох тухай асуудлыг хөндөөд байгаа.

Тодруулбал, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир баавгай унтуулдаг буу болон зайнаас цацдаг цацлага, хоолонд нь Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 1 тэрбум 88 сая төгрөгийн зардлыг шийдүүлсэн. Ийнхүү баавгай хооллох тухай ярьсаар байтал эрдэнэт хүний амь нас эрсдэж, нэг иргэн тархиндаа маш хүнд гэмтэл авсан харамсалтай тохиолдол гарсан.

Харин Нөмрөгийн дархан цаазат газар өнгөрсөн сарын 08-нд ой хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 80 хувь нь түймэрт өртөөд байгаа. Энэ үед ахиад л салбарын сайд нь түймэрт өртсөн ан амьтдад өвс тэжээл өгч, хооллох тухай асуудлыг хөндлөө.

Харин тус нутгийн иргэд өчигдөр хэвлэлийн хурал хийсэн. Иргэдийн хувьд Нөмрөгийн дархан цаазат газар хэдэн төрлийн хэчнээн тооны ан амьтан байдгийг ч мэдэхгүй. Энгийн иргэдийг оруулдаггүй, орж үзэж байгаагүй талаар ярьсан. Мөн тус нутагт ажиллаж буй эрдэмтнээс түймэр хэчнээн амьтан өртсөн эсэхийг тодруулахад, түймэрт өртсөн ямар ч амьтны сэг зэмтэй таараагүй талаараа ярьж байсан.

Тэгэхээр түймрээс дайжиж буцаж ирсэн үгүй нь ч мэдэгдэхгүй байгаа амьтдыг ахин хэдэн тэрбумаар хооллох вэ? 1 тэрбум төгрөгөөр хэдэн баавгайг хэдий хүртэл хооллох вэ, тэрбумын хоол нь дуусвал яах вэ зэрэг асуултад салбарын сайд та хариулт өгөх шаардлагатай байна.