

Монголын гурван аймгийн 43 сумын 185 өрхийн 574 хүнийг хамруулсан цус ойртолтын судалгаа 2026 оны долдугаар сарын 9-нд олон улсын Applied Clinical Genetics сэтгүүлд нийтлэгджээ. Судалгааг Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн судлаачид хийсэн байна.
Угийн бичгийн шинжилгээгээр нийт 185 өрхөөс 17 өрхөд цус ойртолттой гэрлэлт байгааг тогтоосон байна.
42 өрхийг цус ойртолттой байх магадлалтай гэж ангилжээ. Харин 126 өрхийг цус ойртолтгүй гэж ангилсан байна.
-Нэгдүгээр зэргийн цус ойртолттой 4 өрх. Энэ нь эцэг, хүүхэд эсвэл төрсөн ах, эгч, дүүгийн хоорондын ураг төрлийн холбоо юм.
-Хоёрдугаар зэргийн цус ойртолттой 5 өрх. Энэ нь өвөө, эмээ ба ач, зээ; авга, нагац болон зээ охин, хүү зэрэг холбоо юм.
-Гуравдугаар зэргийн цус ойртолттой 6 өрх. Энэ төрөлд үеэлүүдийн хоорондын холбоо хамаарна.
-Алс холын төрөл бүхий 2 өрх. Дээрх ангиллаас илүү холын ураг төрлийн холбоотой гэж бүртгэсэн тохиолдлууд.
2028 оноос “Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор өөрийн хүсэлтээр, эсхүл сонирхогч талын шаардлагаар ДНХ-ийн удам зүйн шинжилгээнд хамрагдаж болно.” гэж заасан байна. Гэвч цус ойртолт хамгийн түгээмэл байдаг хөдөө орон нутагт тэр боломж бий юу?
