Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
1 цагийн дараа
227
Сураггүй алга болсон дөрвөн эмэгтэй одоог хүртэл олдоогүй байна

Улсын хэмжээнд нийт дөрвөн, насанд хүрсэн эмэгтэй сураггүй алга болоод байгаа. Тодруулбал, Дорнод, Увс, Эрдэнэт, Улаанбаатар хотоос өөр өөр цаг хугацаанд дөрвөн өөр насны эмэгтэй сураггүй болсон. Гэвч өнөөдрийг хүртэл тэднээс ямар нэгэн сураг гараагүй байна.36 настай Ц.Ариунгоо нь 2026 оны 10-р сарын 29-ний өдрийн 18:47 цагийн орчимд “хүнтэй уулзана” гэж гэрээсээ гарснаас хойш холбоо тасарч, одоог хүртэл олдоогүй байна. Түүнийг БЗД-ийн нутаг дэвсгэрээс гараад явганаар 2.6 км явсан гэдгийг камерын бичлэгээр тогтоосон.

Тэрээр, Чухаг хотхоноос гараад шинэ 100 айл руу явж байгаа нь хамгийн сүүлийн камерт өртсөн байсан.Ингээд цаашаа задгай талбай буюу камергүй бүс руу тухайн иргэн орсон байсан гэдгийг өчигдөр цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Сураггүй алга болсон Ариунгоог 5 удаагийн давхардсан тоогоор 1150 алба хаагчийн хүчээр самналтын ажлыг явуулж эрэн хайсан ч одоог хүртэл олоогүй байна.35 настай О.Оюун-Эрдэнэ нь 2026 оны есдүгээр сарын 13-14-ний өдрүүдэд Эрдэнэт хотод найзынхаа гэрээс гарснаас хойш сураггүй болжээ. Ийнхүү хоёр сар орчмын хугацаа өнгөрсөн ч түүний талаар одоогоор мэдээлэлгүй байна.

Тус хэрэгт нийт хоёр удаа, таван хоног давхардсан тоогоор 160 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй эрэн хайх, самнах ажиллагаа явуулсан.  Уг хэрэгтэй холбоотойгоор нэг иргэнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний найз залууг тус хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан гэв.

Дорнод аймгийн Баяндун суманд амьдардаг 48 настай эмэгтэй Г.Шижиртуяа 10-р сарын 03-ны өдөр сураггүй болсон. 

Сураггүй алга болсон эмэгтэйн хамтран амьдрагч юу ч мэдэхгүй гэхээс өөр зүйл хэлэхгүй байгаа талаар түүний охин цахим хуудаснаа мэдээлэл оруулсан байсан.

Түүнийг одоог хүртэл олоогүй бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Увс аймгийн Тариалан суманд намаржиж байсан 26 настай Б.Ариунаа нь 2026 оны 10-р сарын 15-ны өглөөний 07:00 цагийн орчимд малаа хайхаар гэрээсээ гарсан ч түүнээс хойш сураггүй болсон.

Тус эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 10 гаруй хоног үргэлжилсэн ч олдоогүй тул, ар гэрийнх нь хүсэлтээр эрлийн ажиллагааг зогсоожээ.

Сураггүй алга болсон дээрх иргэдийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авахаа мэдэгдэж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.