Н.Буяндэлгэр
Улс төр, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
41
Сургалт–судалгаа–үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх төсөл амжилттай хэрэгжлээ

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль (ХААИС)-д 2022–2026 онд хэрэгжсэн “Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, аж үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хаалтын хурал 2026 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болж, төслийн хэрэгжилт, үр дүнг дүгнэлээ.
Тус төсөл нь ХААИС-ийн сургалт, судалгааны чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар, тэр дундаа мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт сургалт–судалгаа–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чиглэсэн олон талт, урт хугацааны ач холбогдол бүхий хамтын ажиллагаа байлаа.
Төслийн хүрээнд сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, судалгаа технологи дамжуулах дэд бүтэц, хүний нөөцийн чадавх, мэргэжил дээшлүүлэх сургалт, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнес болон эрдэм шинжилгээний бүтээлийн үр дүнгээр дараах бодит ахиц гарсан байна.
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРЭЛТЭД НИЙЦҮҮЛЭВ
Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн бакалаврын 8 хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж, шинэчлэн боловсруулснаар суралцагчдад салбарын болон хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх нөхцөл бүрдлээ.
МАЛ АЖ АХУЙН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВИЙГ БАЙГУУЛАВ
ХААИС-ийн дэргэд Мал аж ахуйн технологи дамжуулах төвийг байгуулж, дараах дөрвөн лаборатори болон гарааны бизнесийг дэмжих сургалтын танхимаар тоноглон ажиллуулж эхэллээ.
Үүнд:
- Малын генетик, нөхөн үржихүйн лаборатори
- Малын тэжээл, тэжээлийн үнэлгээний лаборатори
- Мах, махан бүтээгдэхүүний судалгаа, технологийн лаборатори
- Сүү, сүүн бүтээгдэхүүний судалгаа, технологийн лаборатори
Энэхүү төв нь их сургуулийн судалгаа, инновацын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, мал аж ахуйн салбарын технологийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чухал түшиц болж байна.
МЭРГЭШСЭН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭВ
Хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах хүрээнд БНСУ-ын Хангён үндэсний их сургуулийн 100 хувийн тэтгэлгээр 4 доктор, 8 магистр суралцаж, амжилттай төгслөө. Тэдгээрээс 4 доктор Мал аж ахуйн технологи дамжуулах төвд постдокторын судалгааны ажлаа үргэлжлүүлэн ажиллаж байна.
Энэ нь Монгол Улсын мал аж ахуй, хүнсний салбарт олон улсын түвшний мэдлэг, судалгааны арга зүй, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чадавхтай шинэ үеийн судлаачдыг бэлтгэсэн томоохон үр дүн юм.
1,694 ХҮНД САЛБАРЫН МЭРГЭЖИЛ, УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Сургалт–судалгаа–үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор мастер сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж, малчин, аж ахуй эрхлэгч, үйлдвэрлэгч, оюутан суралцагч зэрэг нийт 1,694 хүнийг сургалтад хамрууллаа.
Мөн төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажил олгогч байгууллагуудтай хамтран “Хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг”-ийг хоёр жил дараалан зохион байгуулсан. Үүний үр дүнд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 72.9 хувьд хүрч, төсөл хэрэгжихээс өмнөх үеийнхээс 19.31 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
ТӨГСӨГЧДИЙН ГАРААНЫ БИЗНЕСИЙГ ДЭМЖИЖ, ШИНЭ ҮЙЛДВЭРЛЭЛҮҮДИЙГ БИЙ БОЛГОВ
Хөдөө аж ахуйн салбарт гарааны бизнес эрхлэлтийг хөгжүүлэх, төгсөгчдийн бизнес санаачилгыг дэмжих зорилгоор хоёр үе шаттай сургалт зохион байгуулж, шалгарсан гурван гарааны бизнест тус бүр 25 сая төгрөгийн санхүүжилт олгосон.
Ингэснээр:
- “Steppe Gold” – шар тос, бяслаг үйлдвэрлэл;
- “Ayara&Dairy” – талх, нарийн боов үйлдвэрлэл;
- “Nuudelchin” – арьсан эдлэлийн үйлдвэрлэл гэсэн гурван гарааны бизнесийг бойжуулж, төгсөгчдийн мэдлэг, ур чадварыг бодит үйлдвэрлэл, бизнес болгон хөгжүүлэх боломж бүрдүүллээ.
СУДАЛГАА, ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ҮР ДҮНГ НЭМЭГДҮҮЛЭВ
Төслийн хүрээнд нийт 365 сая төгрөгийн санхүүжилтээр 7 дэд төслийг хэрэгжүүлж, судалгааны ажлын үр дүнг олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэхэд анхааран ажилласан. Үүний үр дүнд олон улсын хянан магадлагаатай эрдэм шинжилгээний сэтгүүлд 9 өгүүлэл, импакт фактор (IF)-той сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлсэн байна.
ШИНЭ МЭДЛЭГ, ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛЫН МАЛ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ САЛБАРТ НЭВТРҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Төслийн хамгийн чухал үр дүнгийн нэг нь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, олон улсын түвшинд бэлтгэгдсэн судлаачдыг Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд чиглүүлэх нөхцөл бүрдүүлсэн явдал юм. Үүний нэг илрэл нь 2026 оны гуравдугаар сард БНСУ-д докторын зэрэг хамгаалсан судлаачдын судалгааны үр дүнг танилцуулах, хэлэлцүүлэх арга хэмжээ байлаа. Тус арга хэмжээнд судлаачид өөрсдийн эзэмшсэн шинэ мэдлэг, судалгааны үр дүн, дэвшилтэт арга зүй, технологийг төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд танилцуулж, салбарын хэрэгцээ, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.
Энэ нь гадаадын их сургуульд эзэмшсэн мэдлэг, технологийг эх орныхоо мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт нутагшуулж, судалгаанд суурилсан инновац, мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх бодит боломжийг нээж байна.
Ийнхүү 2022–2026 онд хэрэгжсэн төсөл нь зөвхөн ХААИС-ийн сургалт, судалгааны орчныг сайжруулсаны дээр Монгол Улсын мал аж ахуй, хүнсний салбарт шаардлагатай шинэ үеийн хүний нөөц, мэдлэг, технологи, инновацыг бий болгоход чиглэсэн урт хугацааны хөрөнгө оруулалт боллоо.
Цаашид ХААИС болон БНСУ-ын Хангён үндэсний их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан судалгаа, докторын болон бусад түвшний сургалт, багш, судлаачдын солилцоо, технологи дамжуулалт, үйлдвэрлэлд чиглэсэн инновацын чиглэлээр урт хугацааны, тогтвортой түншлэлийг хөгжүүлэхээр зорьж байна.Төслийн ололт, үр дүнг тогтвортой хадгалж, цаашид улам хөгжүүлэн Монгол Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуй, хүнсний салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах нь ХААИС-ийн цаашдын зорилт юм.