Засгийн газар
2026.11.13 11:33
229
Шөнийн цахилгааны хөнгөлөлтийг бууруулбал иргэд буцаад нүүрс түлэхэд хүрнэ

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг бууруулах нь уг хөнгөлөлтөд найдаж цахилгаан халаалтад шилжсэн айл өрхийг буцаад нүүрс түлэхэд хүргэж байна. Мөн шөнийн тарифын хөнгөлөтийг зөвхөн хот, аймгийн төвөөр хязгаарлахгүй, 330 сумын гэр хорооллын иргэдэд ч адил тэгш олгох шаардлага тавьж УИХ-ын гишүүн М.Энхцэцэг нарын гишүүд мэдэгдэл хийлээ.

Шөнийн цахилгааны хөнгөлөлт нь зөвхөн цахилгааны төлбөрийг бууруулах зорилготой биш. Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаалтад шилжүүлэхэд чиглэсэн бодлогын чухал арга хэмжээ байсан. ЭХЗХ 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн гэр хорооллын иргэдийн шөнийн цахилгааны төлбөрийг хөнгөлөх гурван төрлийн зохицуулалт хэрэгжүүлсэн. Тухайлбал, 220 вольтын хүчдэлтэй өрхийн 1500 кВт.цаг, 380 вольтын хүчдэлтэй өрхийн 3000 кВт.цаг хүртэлх хэрэглээг 100 хувь хөнгөлж, тогтоосон хэмжээнээс давсан хэрэглээнд 50 хувийн хөнгөлөлт үзүүлж байсан.

Гэтэл ЭХЗХ-ны дарга 2026 оны есдүгээр сарын 18-нд шөнийн тарифын хөнгөлөлтийг бууруулах, өөрчлөх чиглэлийн шийдвэр гаргаж, аравдугаар сарын 7-ноос хэрэгжүүлсэн. Ингэснээр 380 вольтын хүчдэлтэй өрхийн 3000 кВт.цагийн хөнгөлөлттэй хэрэглээ 1500 кВт.цаг болж буурсан. Энэ бол иргэдэд урьдчилан ойлгомжтой тайлбарлаж, тооцоо судалгаанд үндэслэн шийдвэрлэх ёстой асуудал.

Иргэд төрийн бодлогод итгэж, олон айл өрх цахилгаан халаалтад шилжиж, яндангаа буулгаж, гэр орондоо хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл гэнэт хөнгөлөлтийг бууруулж, болиулах шийдвэр гаргавал иргэд оруулсан хөрөнгөөрөө хохирно. Тэд буцаад нүүрс түлж, яндангаа ашиглахад хүрнэ. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулах зорилго ч алдагдана.

Төрийн шийдвэр тогтвортой байх ёстой. Засгийн газар, салбарын сайд нар солигдох бүрд өмнө нь хэрэгжүүлж байсан бодлого шийдвэрийг өөрчилдөг байж болохгүй. Хэрэв хөнгөлөлтийг бууруулах шаардлагатай гэж үзэж байгаа бол иргэдэд эрт мэдэгдэж, өвөлжилтийн бэлтгэлээ хангах, санхүүгээ зохицуулах боломж олгох ёстой.

Нөгөө талаас шөнийн цахилгааны хөнгөлөлтийг зөвхөн Улаанбаатар хот, аймгийн төвийн иргэдэд олгоод, сум суурин газрын иргэдийг орхигдуулж болохгүй. Манай улсын 330 сумын ихэнх нь 10 мянгаас бага хүн амтай. Хүн амын төвлөрөл багатай, ажлын байр хомс, иргэдийн орлого, төлбөрийн чадвар сул орон нутагт төрийн дэмжлэг илүү хэрэгтэй. Тиймээс сумын гэр хорооллын айл өрхүүдийг шөнийн цахилгааны хөнгөлөлтөд хамруулах шаардлагатай байна.

Зөвхөн хотын иргэдэд хөнгөлөлт үзүүлж, хөдөө орон нутгийн иргэдийг ялгаварлаж болохгүй. Шөнийн тарифын хөнгөлөлтийг бууруулах бус, хүртээмжийг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Эрчим хүчний салбарын бодлого, төлөвлөлт олон жил доголдож байна. Өмнө нь эрчим хүч экспортлох тухай ярьж байсан бол өнөөдөр дотоодын хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй нөхцөлд хүрсэн. Энэ асуудлыг иргэдийн хүртэж байсан хөнгөлөлтийг хасах замаар шийдэх нь зөв гарц биш.