

Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ тухайн үед ХЗДХ-ийн сайд байсан Б.Энхбаярыг “Бодь Интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалангаас 1.3 сая ам.долларыг бэлнээр авсныг нотлох баримтыг АТГ-д хүргүүлсэн. Одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.
“Манай могой Б.Энхбаяр “Бодь-110” гэхээр л хачин их цочдог хүн дээ!
Гэмт хүн гэлбэлзэнэ гэдэг шиг мань хүн энэ сэдвээс их эмээнэ. Арга ч үгүй л дээ. Материалыг нь судалж ойлгочихоод, Бодийг-Бортээг болгож хувиргаад шагналд нь сая доллар авчихсан хүн. Сая мэдэгдэл хийхдээ Бодийн 110 сая доллар валютаар биш, 286 тэрбум төгрөгөөр шилжсэн гэв. Одоо бүр сандарвал манай богино могой гэрээг нь хийхдээ ингэж бодоогүй гэх нь л дээ.
Одоохондоо энэ сэдвийг хуулийнхан дээр хүчээр барьж байгаа ч, 110 сая ам.доллар төмөр замд зарцуулагдаагүй баримт устахгүй ээ! Орлуулж болохгүй!
АТГ-т өгсөн материалыг тоолж, бас өргөж үзмээр байвал Н.Номтойбаяр Шадар сайдынхаа ширээний нүдэнд 6 сар дарагдсан түр хороо байгуулах тогтоол дээр гарын үсэг зураад Улсын Их Хуралд оруулчих!
Парламент дээр гэрчүүдээ дуудаад, бичлэгээ ч нээлттэй сонсоод, олон нийтийн өмнө ярилцацгаая!”
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн: "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам", "Бодь интернэшнл" группийн хооронд төмөр замын санхүүжилтийн үед 110 сая ам.долларыг авлигад тараасан гэх мэдээлэл гарсан. Мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.
"Бодь"-ийн төсөл нь бүрэн хэрэгжээд дууссан. Одоо тогтоогдож буй нөхцөл 110 сая ам.доллар буюу их хэмжээний ам.долларыг бэлнээр зарлагадсан баримт тогтоогдоогүй. Харин урьдчилгаа төлбөрт 286 тэрбум төгрөг олгосон төгрөгийн гүйлгээний баримт байгаа. Тэгэхээр олон нийтийн дунд яригдаж байгаа шиг 110 сая ам.доллар бэлнээр аваад зарлагадаж тараасан гэдэг нөхцөл байдал худлаа, үндэслэлгүй зүйл" гэлээ.
Тухайн үед Шадар сайд Н.Номтойбаяр өөрийн албан бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулахаа мэдэгдсэн. Хянан шалгах түр хороо байгуулахад 32 гишүүний гарын үсэг хэрэгтэй бөгөөд одоогийн байдлаар 23 гишүүн зураад байгаа аж.
Шадар сайд Н.Номтойбаяр: “Би энэ маргааны аль ч талд орохгүй. Б.Энхбаяртай нэг засгийн газарт суудаг гээд өмөөрөхгүй. Э.Оюун-Эрдэнэтэй хар багаасаа улс төрд хөтлөлцөж явсан гээд өмөөрөх зүйл алга.
Гишүүдийн гарын үсэг 23 хүрсэн байгаа. Тэрийг Л.Оюун-Эрдэний хэлж байгаа шиг нууж хаагаад байх зүйлгүй. Би Б.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ хоёрыг аль алиныг нь гарын үсэг зурж, оролцохыг зөвшөөрөөгүй. Учир нь тэдгээр хүмүүс өөрсдөө оролцогч талууд. Харин гэрчээр дуудна. Үзэл бодлоосоо ухарсан зүйл алга.
Энэ хэрэг бол асар их материал үзэж, цаг хугацаа шаардах ажил. Засгийн газрын гишүүн болсноор надад энэнтэй зууралдах ямар ч боломж байхгүй” гэв.
