

Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн Төгсөгчдийн Холбоо удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчилж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх шинэ үеийн эхлэлийг тавилаа. Холбооны Тэргүүн бөгөөд Удирдах зөвлөлийн даргаар доктор (Ph.D), профессор Ч.Даваабаяр сонгогдов.

2019 онд байгуулагдсан тус холбоо төгсөгчдийн мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг нэгтгэх, тэдний хамтын ажиллагаа, нийгмийн оролцоог дэмжихийн зэрэгцээ их сургууль болон төгсөгчдийн харилцаа холбоог бэхжүүлэх үндсэн чиглэлтэй.
Удирдлагын бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчиллээ
Өнөөдөр болсон Төгсөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн хурлаар удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн, дэд тэргүүнүүд болон Хяналтын хорооны гишүүдийг сонгон баталсан юм. Түүнчлэн холбооны үйл ажиллагааны эрх зүйн үндэс болох дүрмийг шинэчлэн баталж, гүйцэтгэх захирал болон салбар хариуцсан найман дэд тэргүүнийг томиллоо.


Хамтын ажиллагааг үндэсний болон олон улсын түвшинд өргөжүүлнэ
Хурлын үеэр холбооны цаашдын үйл ажиллагааны чиглэл, зорилтыг тодорхойлон, 2027 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлав. Уг төлөвлөгөөнд төгсөгчдийн оролцоог нэмэгдүүлэх, их сургуулийн хөгжилд тэдний мэдлэг, туршлагыг үр дүнтэй ашиглах, дотоод болон гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтууд тусжээ.
Шинэчилсэн удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн нь төгсөгчдийн нэгдмэл байдлыг бэхжүүлж, холбооны үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд зохион байгуулах үндэс болж байна.













