Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2026.11.16 14:43
388
Худалдаа, хөгжлийн банк шинэчлэл нэрээр нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов уу

Худалдаа, хөгжлийн банк суурь бүртгэлийн системээ төлөвлөсөн хугацаанаасаа өмнө шинэчилж, шинэ системд бүрэн шилжлээ хэмээн сүртэй мэдээлэл саяхан хийсэн. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр эндээс л тус банктай холбоотой олон асуудлын эхлэл тавигдсан.

Тодруулбал, шинэчлэл хийснээс хойш худалдаа, хөгжлийн банкны хэрэглэгч нарын данс өөрчлөгдсөн, интернэт банк руугаа нэвтэрч болохгүй болсон, лавлах руу нь олон удаа залгасан ч утсаа авахгүй байна гэх зэрэг иргэдийн гомдол тасарсангүй. Харин дээрх асуудал одоог хүртэл бүрэн шийдэгдээгүй байна. Ахмадуудын хувьд одоог хүртэл солигдсон дансны дугаараа мэдээгүй, банкны салбар дээр очиход оочир бага ч теллер нь удаан үйлчилж буйг шүүмжилж байлаа.

Иргэн: Шинэчлэлээс нь хойш данс маань хэд болсон гэдгийг ч мэдээгүй явж байна. Хүмүүст мэдэгдэл ирсэн байсан. Надад бол ямар ч мэдэгдэл ирээгүй. Одоо Худалдаа, хөгжлийн банкны Зайсан дахь салбарт ирчихсэн байна. Оочирлож сууж байгаад дансаа мэдээд, өөрчлүүлэх гээд сууж байна.

Банк дотор 10 үйлчлүүлэгч л байна. Гэхдээ нэг цаг оочирлосон ч үйлчилгээ авч чадаагүй л байна. Теллер нь хүртэл маш удаан ажиллах юм.

Одоо оочирлож суухаас залхаад гардаг ч юм бил үү гээд байж байна. Ажилтай хүн энд хүлээгээд суугаад байж бас болдоггүй. Яагаад ийм удаан байгааг нь ч ойлгохгүй байна. Интернэт банк байгаа. Гэхдээ нэвтрэх нэр, нууц үгнийхээ учрыг ч олоогүй.

Энд ихэвчлэн надтай адилхан настай хүмүүс оочирлоод сууж байна. Миний бодлоор энэ асуудлыг нь шийдээд өгөхөд нээх удахгүй л байх гэж бодох юм. Гэтэл хүлээлгээд л суулгаад л байна.

Мөн худалдаа, хөгжлийн банкны хэрэглэгч иргэн данснаасаа мөнгөө алдсан талаар цахим орчинд нийтэлжээ. Тэрээр, Бусад банк данс руу нь өөр газраас нэвтрэх оролдлого хийсэн үед мэдэгдэл ирдэг. Гэвч Худалдаа, хөгжлийн банкнаас надад ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Хэрэв мэдэгдэл ирсэн бол данснаасаа мөнгөө алдахгүй байсан гэжээ.

Энэ мэт Худалдаа, хөгжлийн банкийг тойрсон элдэв асуудал одоо ч шийдэгдээгүй, харилцагч, үйлчлүүлэгчдээ хохироосоор байна.