

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-нд өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч, өөртэй нь холбоотой гүтгэлэг, мэдээллийг шалгуулан, нэр төрөө цэвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл Ерөнхийлөгч Үндсэн хуулийн дагуу хэрхэн огцрох, түүний бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх асуудал анхаарал татаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх боломжтой. Гэхдээ хүсэлтээ гаргасан даруйд бүрэн эрх нь дуусгавар болохгүй. Ерөнхийлөгч чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д гаргаж, УИХ холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх ёстой.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6.3.1-д зааснаар Ерөнхийлөгч биеийн эрүүл мэндийн байдал болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргах эрхтэй. Харин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн 32 дугаар зүйлд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хүсэлтийг хэлэлцэж, нэгдсэн чуулганд санал, дүгнэлтээ танилцуулна. УИХ-ын гишүүдийн олонх хүсэлтийг дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль батална.
Тэгвэл Ерөнхийлөгч ажлаа өгсөн тохиолдолд түүний бүрэн эрхийг хэн хэрэгжүүлэх вэ?
Монгол Улсын Үндсэн хуулийн 37 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ерөнхийлөгч огцорсон, нас барсан, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд шинэ Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөх хүртэл түүний бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлнэ.
Одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх юм. Мөн Үндсэн хуулийн зохицуулалтаар УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн сарын дотор зарлан явуулах үүрэгтэй. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Товчхондоо,
Ерөнхийлөгчийн өнөөдрийн мэдэгдэл нь өөрөө огцорсон гэсэн үг биш. Тэрбээр УИХ-д албан ёсоор хүсэлт гаргаж, парламент түүнийг нь хэлэлцэн шийдвэрлэсний дараа л бүрэн эрх нь дуусгавар болно. Харин шийдвэр гарсан тохиолдолд УИХ-ын дарга шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл төрийн тэргүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх хуулийн зохицуулалттай.
