М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.11.17 12:16
403
Монгол Улсын VI Ерөнхийлөгчийн зургаан жилийн ажлын тайлан

Монгол Улсын зургаа дахь ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа өгч байгаагаа мэдэгдэв. Тэрээр 2021 оны зургаадугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор заасан тул түүний бүрэн эрхийн хугацаа 2027 оны зургаадугаар сарын 25-нд дуусах байв. Тэгвэл ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаанд ямар ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

Төрийн тэргүүний бүрэн эрх

Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэж тодорхойлсон. Тэрээр хууль санаачлах, УИХ-аас баталсан хуульд бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих, хуульд нийцүүлэн зарлиг гаргах, Монгол Улсыг гадаад харилцаанд төлөөлөх, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байх зэрэг бүрэн эрхтэй.

Дөрвөн үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлэв

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулах зорилт дэвшүүлсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээллээр 2025 оны аравдугаар сарын байдлаар 117 сая мод тарьж, ургуулж байжээ.

2022 оны тавдугаар сарын 13-нд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. 2025 оны эцэс гэхэд хөдөлгөөний хүрээнд 53 үйлдвэр шинээр ашиглалтад орж, 1,000 орчим шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлсэн бөгөөд 2,500 гаруй аж ахуйн нэгж, иргэнд 1.3 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон байна.

“Цагаан алт” хөтөлбөрийг 2025 оноос эхэлж хэрэгжүүлсэн. Монгол Улсын ноос, ноолуур, арьс ширний нөөцийг дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр бий болгох зорилготой.

Мөн 2022 онд “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлжээ. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол, урьдчилан сэргийлэх үзлэг, нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой.

Нэг хууль санаачилж, гурван хориг тавьжээ

У.Хүрэлсүх 2023 оны нэгдүгээр сард Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг батлах үйл явцтай холбоотойгоор хориг тавьсан. Уг хоригийн үндэслэлд хүний эрх, олон нийтийн оролцоо, хуулийн хэлэлцүүлгийн асуудлыг хөндсөн.

Мөн 2025 онд “Алт-3” аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавьж, тухайн жилийн аравдугаар сард Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар гаргасан УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьсан нь улс төрийн хүрээнд анхаарал татсан шийдвэрүүд байв.

Харин 2026 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл санаачилсан.

35 улс руу төрийн айлчлал хийв

У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа 35 улс руу төрийн айлчлал хийжээ. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн юм.