

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах хүрээнд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлж буй “Мон жүүс” ХХК-д ажиллалаа.
2003 онд байгуулагдсан тус компани ундаа, жүүс, савласан цайны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө олон төрлийн амин дэмт жүүс, үзэмний жүүс, эрдэс болон электролит ус, цай зэрэг 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
GOOD, Мульт, Үзэм, МОЖУ, ARA, Plus+, KOKO зэрэг брэндээрээ хэрэглэгчдэд хүрдэг үндэсний үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний багц нь хэрэглэгчдийн нас, хэрэгцээ, сонголтод нийцсэн өргөн төрөлтэйгээрээ онцлог юм.






Тухайлбал, Үзэм брэндийн бүтээгдэхүүнийг нэмэлт сахар, хадгалагч бодисгүйгээр үйлдвэрлэдэг бол ARA эрдэс ус, Plus+ электролит ус, GOOD жүүс, KOKO сүүн ундаа зэрэг бүтээгдэхүүнээр нэр төрлөө төрөлжүүлжээ. Ийнхүү дотоодын зах зээлд бүтээгдэхүүний сонголтыг нэмэгдүүлж, хэрэглэгчдийн хэрэгцээг үндэсний үйлдвэрлэлээр хангахад хувь нэмрээ оруулж байна.
Компанийн үйлдвэрлэл, борлуулалтын үзүүлэлт сүүлийн жилүүдэд тогтвортой өсжээ. Тухайлбал, 2022–2026 онд бүтээгдэхүүний борлуулалт 6.2 сая ширхэгээр нэмэгдэж, жилд дунджаар 17 хувийн өсөлт үзүүлсэн байна.
Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн хэмжээ 10 мянган тоннд хүрсэн нь 2022 онтой харьцуулахад 67 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүний зэрэгцээ 100 гаруй ажилтантай болж, 5,000 гаруй харилцагчаар дамжуулан бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэж байна.




“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 15 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх, үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөхөд хөрөнгө оруулжээ. Үүний үр дүнд сүүлийн гурван жилд дотоодын зах зээлд 37 сая гаруй ширхэг бүтээгдэхүүн нийлүүлж, улсын төсөв болон нийгмийн даатгалд нийт 5.5 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлсэн байна.
Үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагаа, байгальд ээлтэй технологийг дэмжих зорилгоор 100 хувь нарны эрчим хүчээр ажиллах боломжтой 6,000 ам метр талбай бүхий шингэн хүнсний агуулахыг ашиглалтад оруулжээ.
Үүнээс гадна жилд 27 сая гаруй хуванцар савны бэлдэц, 35 сая ширхэг бөглөө үйлдвэрлэх хүчин чадалтай сав, баглаа боодлын үйлдвэр байгуулсан нь үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд, дагалдах хэрэгслийн хангамжийг дотооддоо шийдвэрлэхэд чиглэсэн чухал хөрөнгө оруулалт болж байна.





Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэж, эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр ард иргэдээ хангах үйлсэд хувь нэмрээ оруулан, татвараа төлж, олон арван ажлын байр бий болгож байгаа компанийн хамт олонд талархал илэрхийлэв.
Цаашид “Мон жүүс” ХХК импортыг орлох үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн зэрэгцээ экспортоо нэмэгдүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц чанар, инновац, тогтвортой хөгжлийг эрхэмлэн ажиллах зорилт тавьжээ.
Үндэсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөл, технологийн шинэчлэл ийнхүү өргөжиж буй нь Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг дотоодын үйлдвэрлэлээр бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулж байна.





