Улс төр
2026.11.17 14:20
238
Ц.Ганзориг: У.Хүрэлсүх дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй

Ерөнхийлөгч үүрэгт ажлаа өгөх талаар ЕТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. 

Маргааш УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, нөгөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хурааж шийдвэрлэнэ. Үндсэн хуульд заасны дагуу УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хавсран хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ чуулганы нэгдсэн хуралдааны индэр дээрээс илэрхийлж байсан. Энэ бол зөвхөн хувь хүн У.Хүрэлсүхийн асуудал биш, улс орны асуудал. Төрийн тэргүүн бол төрийн дипломатч.

Олон улсад Монгол Улсын гадаад бодлогыг тодорхойлж байдаг. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд байхдаа ч хүн бүр хуулийн өмнө тэгш байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж ирсэн. Тиймээс төрийн тэргүүний эрх ямбаны дор олон нийтийг эргэлзүүлсэн гүжир гүтгэлгүүд гарч, төрийн тэргүүн болон улс орны нэр хүндэд халдаж, олон нийтийн санаа бодолд сөргөөр нөлөөлж байгаа энэ үед жирийн иргэн болж байгаад нэр төрөө сэргээлгэнэ. Төрийн тэргүүний байр сууринаас өөрийгөө хамгаалаад, нуугаад байх зүйл байхгүй.

Төрийн тэргүүн 10 том ордыг эргүүлэн авч байсан. Эрдэнэт үйлдвэр Коюидын үеэр 1.2 их наяд төгрөгийн асуудал, долоон төрлийн хөнгөлөлтийг шийдвэрлэж байсан. Хулгайд алдагдсан зүйлээ олж авчирч байснаас төрийн тендерт оролцож, хулгайд оролцоогүй гэдгээ Төрийн тэргүүн хэлсэн. Өргөсөн тангарагтаа хэр үнэнч байсан, ямар ажил хийсэн, үр дүн нь юу байсныг цаг хугацаа харуулах байх.

Ардчилсан нам өөрсдөө шаардлага тавьсан. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Төрийн нууцтай холбоотой албан тушаал хашиж байсан хүмүүс ажлаа өгөхгүй гэж асуудал үүсгэдэг. Огцорсныхоо дараа оргон зайлаад, улс орны нэр хүндэд халддаг муу жишиг тогтох ёсгүй. Тиймээс Төрийн тэргүүн шинэ жишиг тогтоож байна. Хуулийн өмнө бүгд эрх тэгш. Төрийн тэргүүн гүжир гүтгэлэгт нэр төрөө цэвэрлүүлэхээр өөрөө ийм шийдвэр гаргасан.