Улс төр
2026.11.17 14:46
269
Я.Содбаатар: Гашуун Сухайтын төмөр замын гэрээнээс Х.Баттулгын мөр гарч ирэх байх

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хотын дарга асан Х.Нямбаатарын ярьсан 110 сая долларыг зөөсөн гэх асуудлаар дараах мэдээллийг өглөө. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргаж буй энэ шийдвэр бол улс орны эв нэгдэл, төрийн нэр хүндийг хамгаалж үлдэхэд чиглэсэн томоохон шийдвэр. Олон гүжир гүтгэлгийг хуулийн байгууллагаар шалгуулахын тулд Ерөнхийлөгч өөрийн суудлаасаа бууж байна. Одоо энэ асуудал хуулийн дагуу шийдэгдэх ёстой.

Х.Нямбаатарын ярьсан 110 сая ам.долларын асуудал бол гүтгэлэг. Ямар ч мөнгө байгаагүй учраас мөнгө зөөсөн үйлдэл ч байхгүй. Тухайн үед буюу 2019 оны нэгдүгээр сарын 20-ны үед би Зам, тээврийн сайдын ажлаа өгөөд, Жижиг, дунд үйлдвэрийн хэрэгт шалгагдаж байсан. Улс төрийн үйл явдлаас хол байсан үе. Энэ асуудлыг нэг мөр болгож, ард түмэнд бодит мэдээллийг хүргэх нь зөв.

Сая намын даргатай ярилцаж, 2019, 2020 оны МАН-ын санхүүжилтэд аудит оруулах санал гаргасан. Хөндлөнгийн аудит зайлшгүй хийх ёстой. Тэгвэл зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярьдаг хүмүүс ч гарч ирэх байх гэж итгэж байна. Мөн Гашуунсухайтын төмөр замын гэрээтэй холбоотойгоор тухайн үеийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мөр ч гарах байх. Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгч, энэ асуудлыг шалгуулах нь зөв. Х.Нямбаатар ч өөрөө ирж шалгуулах хэрэгтэй. Байхгүй мөнгийг хэн ч зөөхгүй. Төрийн нэр хүндийг аврахын тулд маш том шийдвэр гаргалаа.