

2021 онд Яармаг орчмын Е хэсгийн 39.9 га талбайд дахин төлөвлөлтийн хүрээнд 557 өрхийн газрыг чөлөөлүүлсэн байдаг. Гэвч үүнээс хойш дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд орон гэргүй болж түрээсийн байр болон хамаатан садныхаа гэрт амьдарсаар байгаа. Харин хохирсон иргэдийн төлөөлөл өнөөдөр ашиглалтад ороогүй байгаа барилга руу нэвтэрч, гал түлээд ч хамаагүй амьдрахаа илэрхийллээ.

Хохирогч иргэн: Би 2021 онд газраа өгсөн. 2021 онд Андын зам констракшн улсын тендерт шалгарч батламжаа авч барилгын ажлаа эхлүүлсэн. Улсын дахин төлөвлөлт гэх үгэнд нь итгээд 700 гаруй иргэн бэлэн төлөлтөө хийж байр захиалсан. Насаараа цуглуулсан бүх мөнгөө итгэж энэ төсөлд өгч байр захиалсан. Одоо 6 дахь жил нь болж байхад захиалга өгсөн бүх хүмүүс орон гэргүй явж байгаа. Би Андын зам констракшны захирал Э.Лхагвасүрэнтэй гэрээ байгуулахдаа анх түрээсийн гэрээ авна гэж гэрээ байгуулсан. Гэтэл Э.Лхагвасүрэн миний түрээсийн гэрээг хоёр жил өгөөгүй. Бүр түрээсийн мөнгөө дөрвөн жил авч чадаагүй хүмүүс ч байна. Хүйтэнд бид нар хөлдөж үхэх гээд зургаа дахь жилдээ гэр оронгүй явж байна.
Би 2 сая төгрөгийн л цалин авдаг. Энэ цалингийнхаа 1.5 саяыг түрээсэнд өгдөг. Харин үлдсэн 500 мянган төгрөгөөрөө хүүхэдтэйгээ амьдрах гээд, болгох гээд явж байгаа. Яг үнэндээ олигтой хоол ч идэж чадахгүй, олигтой хувцас ч өмсөж чадахгүй амьдарч байна. Гэтэл Э.Лхагвасүрэн өдөр шөнөгүй архи уугаад, архи уусан сторигоо фейсбүүктээ хийж байна.
Мянга гаруй хохирогчид энэ хүний сториг өдөр болгон үзэж байгаа. Газраа өгсөн, бэлэн төлөлтөө хийсэн хүмүүсийн асуудлыг шийдээд өг гэхээр шийдэж өгдөггүй. Э.Лхагвасүрэнд 10-р сард Нийслэлийн удирдлагууд асуудлыг шийдэх санал тавьсан. Тэгэхэд Э.Лхагвасүрэн энэ хүмүүсийн газар надад байгаа, газрыг нь зараад мөнгөтэй болоод 90 хувьтай байгаа гурван барилгыг дуусгана гэж хэлсэн. Тэгээд үлдсэн гурван барилгыг яах уу.
Би хүүхэдтэйгээ чемодантай хувцсаа чирээд ах дүү нараараа амьдарч байна. Айлаас айлын хооронд хөөгдөөд хэцүү байна. Ашиглалтад ороогүй байгаа энэ байр руу нь ороод зуух яндан тавиад амьдаръя, өөр сонголт бидэнд алга.
Бид нар энд хөлдөж үхэх гэж байхад Э.Лхагвасүрэн бид нараас залилж авсан мөнгөөрөө дулаахан сайхан орон гэрт амьдарч байна. Аудитын шалгалтаар Э.Лхагвасүрэнг оруулахад 50 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй нь тогтоогдсон.

Хохирогч иргэн: Би Э.Лхагвасүрэнгээс зөндөө гуйсан. Газраа өгөөд олон жил боллоо. Түрээсийн мөнгө ч өгөхгүй байгаа. Удахгүй хөхөө өвлийн хүйтэн эхлэх гэж байна. Аргаа бараад үр хүүхдүүдээ ийш тийш нь амьдруулахаар явууллаа. Энд ирээд зогсоход надад хань алга.
Э.Лхагвасүрэнд найдаад, хараад, гуйгаад ямар ч нэмэр байхгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Тийм учраас Э.Лхагвасүрэнтэй хийсэн гэрээг цуцалж өгөөд бид нарыг орон гэртэй болгохыг хүсэж байна.
Дээр доороо хуралдаад л байх юм. Хурлын шийд нь гүйцэтгэл болж гарч ирч чадахгүй байна. Энэ ашиглалтад ороогүй байрны халаалт нь ирээгүй бол би тень залгаад, ус нь байхгүй бол дэлгүүрээс ус аваад орохоос өөр аргагүй болоод зогсож байна. Э.Лхагвасүрэн гэдэг луйварчнаа хамгаалаад байгаа нөхдүүдэд арга хэмжээ авч, тэр хүнийг явуулдаг газар руу нь явуулж шийдэж өгмөөр байна. Би байртай болж байж л үнэ үү гэхээс үхэхгүй.
Шууд дамжуулалт үзэх:
