Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Ярилцлага
2026.11.17 15:47
320
А.Тлейхан: 2027 оны 7 сараас Эрчим хүчний хязгаарлалтаас гарах боломжтой байна

УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан, Удирдлагын ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер А.Тлейхантай ярилцлаа.

-Өнөөдөр “гал алдаж” буй эрчим хүчний салбарын энэхүү нөхцөл байдал үүсэх эрсдэл хэзээнээс эхэлсэн бэ? Юутай холбоотой вэ? Салбарт олон жил ажилласан хүний хувьд та бодлоо хуваалцаач.

-Эрчим хүчний салбартай миний амьдрал холбогдоод 50 жил өнгөрчээ. Би 1976 онд МУИС-ийг дулааны инженер мэргэжлээр төгсөөд тухайн үеийн хамгийн том цахилгаан станц болох 3 дугаар цахилгаан станцын зуухан цехэд ээлжийн мастераар хөдөлмөрийн гараагаа эхэлж байлаа. Өнгөрсөн хугацаанд эрчим хүчний салбарын хөдөлмөрч хамт олонтой хөл нийлүүлж, сайхан түүх бүтээж, ололт амжилт дүүрэн байсан. Түүний хажуугаар бас хүндрэлтэй үе ч их байсан.

1978 оны 1 дүгээр сард 3 дугаар цахилгаан станцын дунд даралтын хэсгийн түлшний дамжлагын конвейерт тэсрэлт болж, нурсан. Тухайн үед тэр жилийн хамгийн хүйтэн үе байсан юм. Бид станцыг хөлдөөхгүйн тулд станцын гол барилгын дотор нь кокс шатааж, зуухнуудаа мазутаар галлаж, Улаанбаатар хотыг хөлдөөхгүй тулд 50 градустай сүлжээний усыг эргүүлж өвлийг давж байсан юм.

Түүнээс хойш 1983 он хүртэл тодруулбал 4 дүгээр цахилгаан станцыг ашиглалтанд ортол эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлаасаа болж байнгын хязгаарлалттай он жилүүдийг өнгөрөөж байсан юм шүү. Харин 1983 онд 4 дүгээр цахилгаан станц ашиглалтанд орж хүндрэлээс гарсан.

Түүний дараа зах зээлд шилжсэн 90 оноос хуучин ЗХУ-аас ирдэг байсан зээл, тусламж зогсож, зөвлөх мэргэжилтнүүд бүгдээрээ нутаг буцсан. Ингээд Монгол Улс, ялангуяа эрчим хүчний салбар ээлжит хүнд сорилттой тулгарсан. Хөрөнгө, мөнгөгүйгээс болж цахилгаан станцуудын засвар үйлчилгээ хийгдэхгүй, хязгаарлалтын горимоор ажилладаг болсон.

Судалгаанаас харахад эрчим хүчний хамгийн их хязгаарлалтыг 1992 онд хийсэн байдаг. Тэр жилийн 365 хоногийн 243 хоногт нь хязгаарлалт хийсэн. Энэ бол үнэхээрийн хүнд үе. Хүмүүс тэр үеийг сайн санаж байгаа байх. Ер нь энэ цахилгааны тасалдалтай байдал олон жил үргэлжилсэн. Сүүлд 3-р цахилгаан станцад АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн шугамаар сэлбэг материал өгч хэрэгцээтэй зүйлсээр хангасан. 4 дүгээр цахилгаан станцыг Японы тусламж, Дарханы цахилгаан станц, Дорнодын цахилгаан станцыг Германы Сэргээн босголтын банк гэх мэт хөрөнгө оруулагчдаас зээл тусламж авч, хэвийн байдлыг хангаж эхэлсэн. Харин 2000 оноос хойш байдал дээрдэж, одоогийн ажиллаж байгаа цахилгаан станцууд дээр өргөтгөл хийж хүчин чадлыг нэмэгдүүлсэн.

Тухайлбал 3 дугаар станцад 50МВт-ын турбин тавигдсан. Дарханы станц Эрдэнэтийн станцуудыг тус тус 35МВт-аар өргөтгөсөн, Дорнодод 50МВт-ын өргөтгөл хийгдсэн, Улаанбаатарт Амгалангийн дулааны станц баригдаж, 4 дүгээр цахилгаан станцыг хамгийн сүүлд 2018 онд 89МВт-аар өргөтгөж, турбиныг шинэчилсэн.

Тэгэхлээр хязгаарлалт гэдэг бол эрчим хүчний салбарт хөрөнгө мөнгөний дутагдал, техник тоног төхөөрөмжийн элэгдэл, шинэ хүчин чадлын эх үүсвэр барих ажлын хоцролт, цаг үеийн хүнд нөхцөлтэй холбоотойгоор байсаар ирсэн. Эрчим хүчний эх үүсвэрийг шинээр ашиглалтад оруулж чадаагүйгээс түрүүлж хөгжих  бүү хэл одоо хязгаарлалтын горимоор явж байна. Өнөөдөр ч байдал амаргүй байна. Тэгэхээр энэ хязгаарлалтын гол шалтгаан бол гадны хөрөнгө оруулалт татаж томоохон чадлын эрчим хүчний эх үүсвэр барьж чадаагүй. Нөгөө нэг шалтгаан нь манай цахилгаан станцууд өндөр насжилттай. Тухайлбал 2 дугаар цахилгаан станц 1962 онд баригдсан, одоо 64 жил болсон. 3 дугаар цахилгаан станц 1968 онд баригдсан одоо 58 жил болсон юм байна. Хамгийн залуу станц маань 4 дүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсон одоо 43 жил болж байх жишээтэй. Эдгээр станцуудын  эд ангиуд нь элэгдэлд орсон, шугам хоолойнуудыг бүрэн шинэчилж, солих шаардлагатай.

-Цахилгаан, дулааны эрчим хүчний тарифт удаан хугацаанд өөрчлөлт оруулахгүй байвал бодит ямар хүндрэл, эрсдэл үүсэх вэ?

-Өндөр эрсдэл дагуулна. Хөрөнгө санхүүгийн дутагдлаас болж, засвар шинэчлэлийн ажлууд хойшлох, өр төлбөр хуримтлагдах гээд олон бэрхшээл нэгэн зэрэг үүснэ. Цахилгаан дулааны эрчим хүчний тариф бодит өртгөөсөө хэт доогуур алдагдалтай ажиллаж байгаа учраас санхүүгийн эх үүсвэр хүрэлцэхгүй болж засвар үйлчилгээгээ бүрэн хийж чадахгүй байна. Энэ байдлаас болж, хязгаарлалтууд хийгдэж байна.

Энэ оны хамгийн оргил ачаалал 1956 МВт хүрэх юм. Энэ хэмжээний ачааллыг дотоодын эх үүсвэрийн бүх тоноглолууд 100 хувь ачааллаад ч хангаж дийлэхгүй.

Харин ОХУ-аас 310МВт-ын импортын цахилгаан авч байж хэрэглээг хаах жишээтэй. Үнэ тариф өртөгтөө хүрч чаддаггүйн нэг шалтгаан бол үе үеийн Засгийн газар, улс төрчдийн зүгээс нөлөөлж, эрчим хүчний үнэ тарифыг өртөгтэй нь уялдуулж нэмэгдүүлэхэд дандаа саад болдог асуудал байгаа юм. 2024 оны 11 дүгээр сард Эрчим хүчний зохицуулах хорооноос 1квт цахилгааны дундаж үнэ тариф 216 төгрөг байсныг 280 төгрөг болгож 29,6 хувиар нэмэгдүүлсэн. Харин 2025 оны 5 сараас нэг Гкал дулааны тариф 33862 төгрөг байгааг 62960 болгож 85 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэр гаргасан. Энэ бол ашиг биш, бодит өртөгт нь ойртуулсан хэрэг. Гэтэл Засгийн газраас төрийн зохицуулалттай үйлчилгээний төлбөр хураамжийг нэмэхгүй байх тухай 132-р тогтоолоо 2025 оны 3 сард гаргаж, улмаар дулааны тарифт өөрчлөлт орж чадсангүй. Үүнээс болж салбар 224 тэрбум төгрөгийн орлогоо алдсан байх юм.

Засгийн газар, улс төрчдийн зүгээс нөлөөлж, зах зээлийн бодит үнэ тарифыг хүчлэн барьж байгаа нь өнөөдөр салбар хөрөнгийн дутагдалд орж, засвар шинэчлэлийг хийж чадахгүй цаг алдаж, эргээд нөхөх боломжгүй хямралд хүргэсэн гэдгийг дахин хэлье.

Эндээс харахад бид тарифыг бодит өртөгт хүргэхгүй бол хүндрэлээс гарахгүй. 2026 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр эрчим хүчний салбарын богино хугацаат өр 700 тэрбум төгрөг, урт хугацаат өр төлбөр 2,1 их наяд төгрөг. Нийлээд 2,8 их наяд төгрөгийн өртэй байна.

Тийм учраас үнэ тариф дээр өөрчлөлт оруулах асуудлыг хаа хаанаа ойлгож ялангуяа Засгийн газар зөв ойлгож дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Хэрвээ тариф нэмэгдүүлэх нь үнэхээр нийгэмд хүндрэлтэй гэж үзэж байгаа бол айл өрхийн цахилгаан, дулааны үнэ тарифаас үүсэх алдагдлыг нөхөх асуудлыг Засгийн газраас татаас хэлбэрээр шийдэх хэрэгтэй. Тэгвэл салбар хэвийн санхүүжилттэй болж засвар шинэчлэлээ хийх боломж бүрдэнэ.

-Яг одоо бид эх үүсвэрийн дутагдалтай, хомсдолтой нөхцөлд байна. Өнгөрсөн хугацаанд бүүр 80-аад онд 5-р цахилгаан станцын асуудал яригдсан гэдэг. Сүүлд энэ Багануурын цахилгаан станцыг барих явцыг саатуулсан гэж олон янзын мэдээлэл гарах боллоо. Ер нь яагаад бид нар өдий хүртэл эх үүсвэргүй, эрчим хүчний хомсдолтой амьдарч бна вэ? Юунаас болов ?

-Бид өнгөрсөн түүхээ эргэн харж дүгнэлт хийж ирээдүйгээ зөв чиглүүлж, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаан дээр тулгуурлан хөгжлийн хөтөлбөр гаргаж ажиллахгүй бол хүнд байдлаас гарч чадахгүй. 1988 онд Багануурт том чадлын цахилгаан станцыг ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар барихаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн боловч зах зээлийн харилцаанд шилжиснээр энэ станцын үйл ажиллагаа зогссон.

5 дугаар цахилгаан станцыг 2011 онд барихаар Монголын Ньюком компани, Франц, Япон, Солонгос зэрэг 4 улсын консорциум хөрөнгө оруулалт хийхээр болж концессын гэрээ байгуулаад 1квт цахилгааныг 7,6 центээр худалдана гэдэг чиглэл гаргаад явж байтал дэндүү үнэтэй байна гэдэг асуудал гарсан, мөн станц барих газрын асуудал дээрээ тогтохгүй хэд хэдэн газруудыг сонгож, хэд хэдэн засгийн газар дамнаж, сүүлдээ консорциум задраад эцэст нь төсөл маань хэрэгжиж чадаагүй юм.

2014 онд Засгийн газраас том чадлын цахилгаан станц Багануурт барихаар тендер зарлаад тус тендерт Хятадын цөмийн энергийн компани шалгарч, 350 МВт -ын 2 турбинтай 700 МВт-ын хүчин чадалтай станц барина гэж концессын гэрээ хийсэн. Гэтэл нийгэмд улс төржсөн шүүмжлэлүүд газар авч, чадал нь том байна, үнэтэй байна гэх мэтээр эсэргүүцэлүүд хэвлэл мэдээлэлээр буруу зөрүү мэдээлэлүүд олон удаа гарсан.

Харин 2018 онд ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төвийн мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг гаргаж тодорхой судалгаа хийгээд Монголын нөхцөлд эхний ээлжинд 200МВт-ын чадалтай турбогенератор байвал системийн тогтвортой байдлаа хангах юм байна гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд эхний ээлжид 200МВт-ын чадалтай 2 турбин тавиад 400МВт чадалтай станц барья. Дараа нь 300мвт-ын чадалтай турбин нэмж барья гэсэн үндсэндээ 2 үе шаттай 700МВт-ын чадалтай станц барья гэдэг шийдвэр гаргаж, бүх бичиг баримтыг нь гаргаж өгсөн. Харамсалтай нь хөрөнгө оруулагч улсын талаас нүүрсний цахилгаан станцад хөрөнгө оруулахгүй гэдэг шийдвэр гараад энэ ажил зогсонги байдалд орсон. Мэргэжлийн байгууллагууд шийдвэрээ гаргаж өгсөн, одоо ч үргэлжүүлээд бариад явах боломжтой, тусгай зөвшөөрөл нь хүчинтэй байгаа шүү дээ. Сүүлд 2021 оноос хойш том чадлын хувийн нүүрсний цахилгаан станцууд баригдаж эхлэх нөхцөл бүрдсэн. Ялангуяа 2022 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль гэж боломжийн хууль гарсан. Ингээд Бөөрөлжүүтийн цахилгаан станцын ажил эхэлж, эхний 300МВт-ын хүчин чадал ашиглалтад орчихлоо.

Одоо жил болгон 150МВт-аар нийтдээ 600МВт-ын хүчин чадалд хүрнэ. Үүнээс гадна Төв аймгийн Баян суманд 330МВт-ын 2 блок нийт 660МВт-ын цахилгаан станцыг Эрчим хүчний тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд Хонг Конгийн хөрөнгө оруулагч 1,2 ам тэрбум долларын хөрөнгөөр барихаар болж, жилдээ 3,7 тэрбум квт.цаг эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх нүүрсний цахилгаан станцын ажил 2024 оны сүүлээр эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажил нь маш сайн эрчимтэй явагдаж байгаа 2027 оны 7 сард эхний ээлж ашиглалтад орно.

Энэ цахилгаан станц ашиглалтад орсноор үндсэндээ бид хязгаарлалтаас гарна. Бөөрөлжүүтийн 600МВт, Баянгийн 660МВт бүгд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа төслүүд. Өөрийн үйлдвэрлэж байгаа цахилгаанаа худалдах замаар хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой дэд бүтцийн салбаруудыг хувийн хэвшил авч явах нь оновчтой гэдэг нь эндээс харагдаж байна. Мөн Баян суманд 300МВт-ын нүүрсний хийн цахилгаан станц барих төсөл бэлэн болсон. Чанар муутай 3400 ккал, илчлэгтэй хүрэн нүүрсийг коксжуулж 5 мянгаас дээш калоритой болгоод экспортод гаргах юм. Мөн коксжуулах явцдаа гарсан давирхайг нь бас экспортод гаргана. Тэндээс гарсан хийгээр нь 300МВт-ын цахилгаан үйлдвэрлэх юм. Хийнээс гарч байгаа цахилгаан гэдэг бол ногоон эрчим хүч. Нүүрсний хийн цахилгаан станц бол эрчим хүчний салбарт томоохон технологийн шинэчлэл, хувьсал юм гэж онцлохыг хүсэж байна. 5-р цахилгаан станцыг одоогийн 2-р цахилгаан станцын дэргэд 300мвт-аар барихаар төслийн гэрээ хэлэлцээр нь хийгдээд 2028 онд ажил нь дуусна гэсэн чигтэй явж байгаа. Энэ бүхнээс харахад бид 2027 оноос эрчим хүчний хязгаарлалтаас гарах нөхцөл бүрдэнэ гэж бодож байна. Нөгөө талдаа жил болгон эрчим хүчний хэрэглээ 150-200 МВт-аар нэмэгдэж байна. Хэрэглээ өсөж байгаа нь муу хэрэг биш. Энэ чинь манай улсын хөгжил бас гайгүй сайн явж байгааг харуулсан үзүүлэлт.

Хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй хангахын тулд дараачийн том цахилгаан станцыг барих асуудлыг ярихгүй бол бас оройтоно. Зөвхөн цахилгаан станц төдийгүй, дамжуулах түгээх шугам сүлжээ маань бас хоцрогдолтой байна.

Өнөөдөр манайд 220, 330кв-ын ЦДАШ шугамууд байгаа. Тийм учраас Бөөрөлжүүт Баянгийн цахилгаан станцаас Улаанбаатарт цахилгаан дамжуулах 500 кв-ын хос шугам барих ёстой. Үүнийг цаг алдахгүйгээр барихгүй бол үйлдвэрлэсэн цахилгааныг бүрэн ашиглаж чадахгүйд хүрнэ. Хамгийн гол нь энэ баригдаж байгаа цахилгаан станцууд, хийгдэж байгаа зүйлийг улс төржүүлж, бие биеэ муулж суух хэрэггүй юм аа. Зөвхөн мэргэжлийн хүмүүсийн үгийг болон мэргэжлийн байгууллагын бодит мэдээллийг сонсох ёстой. Бид цахилгаантай, тэгээд боломжийн үнэтэй байвал бүгдэд хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын төвийн бүсэд 1934 МВт-ын суурилагдсан хүчин чадал байна. Үүний дотор Нүүрсний цахилгаан станцаас гадна Нар,Салхины эх үүсвэрүүд орж ирсэн. Өнөөдөр эрчим хүчний 27 эх үүсвэр нэгдсэн сүлжээнд цахилгаан нийлүүлж байна. Түүний дотор хувийн хэвшлийн 3 салхин станц, 11 нарны станц мөн хувийн хэвшлийн 3 нүүрсний станц байна. Нийт суурилагдсан хүчин чадлын 32 хувь нь хувийн хэвшлийнх болжээ. Цаашдаа ч хувийн хэвшил давамгайлж нэмэгдэн 2 жилийн дараа эх үүсвэрийн дийлэнх олонх нь хувийн хэвшлийн эх үүсвэр байх нь тодорхой байна.

-Компанийн засаглалыг сайжруулах гэсэн асуудал яригдаад байгаа. Эрчим хүчний салбарыг шууд хувьчлахад их өвөрмөц салбар байгалийн монопол гэж ярьдаг. Энэ салбарт хувьчлалыг хэрхэн хийвэл оновчтой вэ? Хувьчлах нь засаглалыг сайжруулах уу? Үр ашигтай байхад нөлөөлөх үү?

-Эрчим хүчний салбарт өмчийн хэлбэрийг өөрчлөх, засаглалыг сайжруулах ёстой асуудал байгаа. 2000 онд эрчим хүчний тухай хууль гарч 2001 онд эрчим хүчний улсын үйлдвэрийн газруудыг бие даасан хувьцаат компани болгосон түүхтэй. Тухайлбал 4-р станцыг нэг компани, 3,2-ыг ч бас тус бүр нэг нэг компани болгосон. Эрчим хүч гэдэг бүтээгдэхүүн бол гарт баригддаггүй, нүдэнд харагддагггүй, эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ нэг агшинд явагдаж байдаг онцлогтой. Тиймээс эрчим хүчний салбар Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах гэсэн үндсэн 4 чиглэлийн үйл ажиллагаатай.

Өнөөдөр эрчим хүчний төрийн өмчийн 32, орон нутгийн 10 орчим, нийлээд 40 гаруй байгууллага байна. Эдгээрийг дээр дурдсан 4 чиглэлд тухайлбал үйлдвэрлэх 1 толгой компани, бусдыг нь охин компани болгоод нэг багц, дамжуулах компани улсын хэмжээнд нэг л байх ёстой, эрчим хүчний тухай хуулиар дамжуулах сүлжээ төрийн өмчид байна аа гээд хуульчилсан байдаг. Олон улсын жишиг ч тийм. Харин түгээх сүлжээг бол төрийн болон орон нутгийн өмчид байх нь зүйтэй юм шиг санагддаг. Ингэхдээ түгээх сүлжээг бүсээр зохион байгуулах боломжтой. Харин хангах үйл ажиллагааг тодорхой болзолтой сонгон шалгаруулж гэрээгээр хувийн хэвшлийнхэн гүйцэтгэвэл арилжааны алдагдал эрс буурч үр ашиг нэмэгдэх боломжтой. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьчлагдсан. Судалгаанаас харахад ДСЦТС-ийн алдагдал хамгийн бага байдаг шүү дээ.

Салбарын бүтцийг иймэрхүү байдлаар өөрчилбөл Төрийн болон орон нутгийн өмчийн 40 гаруй компани 5-7 компани болж ТУЗ-ийн гишүүний тоо багасч нэг толгойд орж ирэхээр их хэмжээний зардал хэмнэх боломжууд харагдаж байгаа юм.

Эрчим хүчний компаниудын ажиллагсдын орон тооны норм, норматив тогтоох ёстой. Өөр нэг чухал хүчин зүйл бол Эрчим хүчний салбарт ухаалаг техник нэвтрүүлэх ёстой. Хамгийн түрүүнд цахилгааны ухаалаг тоолуур нэвтрүүлэх юм бол бид алдагдлаа эрс бууруулж, эндээс гарсан хэмнэлтээр зардлынхаа нэг хэсгийг хангах боломж бүрдэнэ. Манай улсын хэмжээнд 700 гаруй мянган цахилгаан хэрэглэгчийн 1100 орчим тоолуур байдаг юм байна. Одоогийн байдлаар 56 хувь нь ухаалаг тоолууртай болжээ. Үүнээс өнгөрсөн жилийн дүнгээр гэхэд 56 тэрбум төгрөгийн үр ашиг гарсан байх жишээтэй. Иймэрхүү байдлаар бид засаглалаа сайжруулж, бүтцээ өөрчлөх арга хэмжээ авах ёстой. Өнөөдөр ажиллаж байгаа төрийн өмчийн цахилгаан станцуудыг хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилж, өмчийг тодорхой эзэнтэй болгох нь илүү өгөөжтэй. Эрчим хүчний үйл ажиллагааг зохицуулдаг дэлхийн жишигт нийцсэн хууль нь байгаа учраас хувьчлалаас айх хэрэггүй юм. 2013 онд анхны 50МВт-ын хувийн салхин станц байгуулагдсан. Ухаа худгийн 18МВт-ын ДЦС мөн хувийн хэвшлийнх. Хуулийн хүрээнд зохицуулалттай ямар нэгэн зөрчил гаргаагүй хэвийн явж байгаа.

-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой танд хэмж хэлэх зүйл байна уу?

-2010 онд түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын зарим гишүүд бидний санаачилсан УИХ-ын 72 дугаар тогтоол гарсан. Хэрвээ энэ тогтоол хэрэгжсэн бол бид хямралаас 5 жилийн дотор буюу 2015 онд гарчих байсан юм. Харамсалтай нь энэ тогтоол бүрэн хэрэгжээгүй. Мөн 2015 онд Төрөөс эрчим хүч талаар баримтлах бодлого гэж УИХ-ын 63-р тогтоол баталсан. Энэ бас бүрэн хэрэгжээгүй. Үе үеийн Засгийн газрын улс төрийн тогтворгүй байдал тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ байдал чинь тухайн салбарт хямрал нүүрлэх бас нэг шалтгаан болж байгаа юм. Харин цаашдаа УИХ-ын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан шинэ сэргэлтийн бодлогын 2.3.1-д заасан заалт, Үндэсний аудитын газраас 2025 онд хийсэн Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлого, үнэ тарифын зохицуулалт, өртөг зардал, сэдэвтэй гүйцэтгэлийн аудитаар өгсөн зөвлөмж албан шаардлагын дагуу үнэ тарифыг индексжүүлэх замаар энэ салбарын санхүү эдийн засгийн бие даасан тогтвортой байдлыг хангах учиртай.

Аливаа улсын, салбарын байгууллагын хамгийн үнэтэй капитал бол “Хүн” байдаг юм. Эрчим хүчний салбар ч гэсэн хүний нөөцийг хөгжүүлэх талаар онцгой анхаарах хэрэгтэй байна. Энэ салбарын 20 орчим мянган хүн энэ хүнд цаг үед өдөр, шөнөгүй эх орныхоо өнцөг булан бүрд ажиллаж нийгмийн хэрэгцээг хангаж байгаад талархаж сууна. Салбарын ажиллагчдыг сургаж чалдавхжуулах, орчин үеийн шинэ технологи эзэмшүүлэх, үнэхээрийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлж тогтвортой ажиллуулах, ажиллагсдын шинэ санал, санаачлагыг нь урамшуулах замаар идэвхи санаачлагыг сэргээх, ажиллагсдын ажиллах орчинг сайжруулах, эрүүл мэндийг хамгаалах зэрэг арга хэмжээ авахгүй бол энэ салбарын бэлтгэгдсэн мэргэжлийн хүмүүс өөр салбар, байгууллагуудад шилжих явц нэмэгдэж байгааг анхаарах хэрэгтэй.

Эрчим хүчний салбарын реформ хийнэ гэж ярьдаг сайд, дарга, гишүүд их болжээ. Гэхдээ бодитой хийгдсэн зүйл харагдахгүй байна. Дэлхийн банк, Германы Giz, АНУ-ын USAID зэрэг олон улсын байгууллагуудын туслалцаа дэмжлэгээр Эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд хийгдсэн ажлуудын тухай ЭХЯ, Эрчим хүчний Зохицуулах Хороонд хангалттай судалгааны материал тайлангууд бий. Мөн энэ чиглэлээр салбарын байгууллага, эрдэмтэд, зөвлөх мэргэжилтнүүдийн өгсөн санал, зөвлөмжүүд ч бий. Энэ бүгдийг авч үзэж нягтлан Эрчим хүчний салбарын реформын асуудлыг Эрчим хүчний сайд дээр төвлөрүүлж реформын цогц шийдлийн төсөл бэлтгэж салбарын ахмадууд, эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хамтарч хэлэлцүүлэг хийж цаг алдахгүй хэрэгжүүлэх хэрэгтэй юм.