

Монгол улсын Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр алөбан тушаалаа өгссөн талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах байр суурийг илэрхийллээ.
Ардчилсан нам шаардлага тавьснаас хойш 24 цагийн дотор шийдвэрлэгдлээ. Хувь хүнийхээ үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэж байна. Өнөө цагт У.Хүрэлсүх гэдэг хүн л ийм алхам хийж чадах байх. Үүнийг пиар гэж үзэх үү, эсвэл урьдчилан төлөвлөсөн үйлдэл гэж дүгнэх үү гэдгийг хүмүүс өөрсдөө шийдэх байх. Гэхдээ одоо ч эрх мэдэл МАН-ын гарт хэвээр байгааг монголчууд мартаж болохгүй.
Хууль зүйн сайд, хотын дарга байсан хүмүүс лайв хийж, цахим орчинд байр сууриа илэрхийлэхээ болих хэрэгтэй. Хотын дарга асан Х.Нямбаатар ээлжит лайваа хийнэ гэж байсан. Үгүй, та өөрөө хүрч ирээд шалгуулах ёстой.
Төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч, шалгуулахаар болсон анхны тохиолдол болж байна. Үүнийг бусад албан тушаалтнууд ч үлгэрлэх хэрэгтэй. Зарим сайд, УИХ-ын гишүүд ч бүрэн эрхээсээ татгалзах шаардлагатай. Тухайлбал, Б.Энхбаяр маш ноцтой мэдэгдлүүд хийсэн. Тиймээс УИХ-ын гишүүний ажлаа өгч, шалгуулах ёстой. Нэг хэсэг нь утасны цаанаас ярьж, мэдэгдэл хийхээ больж, нөгөө хэсэг нь албан тушаалаа өгөөд шалгуулах хэрэгтэй. Бүгдийг нь шалгах ёстой.
Ардчилсан нам авлигачдыг хамгаалдаг үүр болж болохгүй. Миний дэмжлэг нам дотор ямар ч нөлөөгүй учраас энэ үйл явцыг намын дэмжлэгээр урагшлуулна гэж ярих боломжгүй. Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвших хүн бэлэн. Ардчилсан намын нэр дэвшигчийг янз бүр болгочихгүй бол чадвал хүний нөөц сайтай нам. Гэтэл МАН хүний нөөцийн хувьд тааруу шүү дээ.
Намын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн нь хүртэл албан тушаалаа өгч, шалгуулахаар болж байгааг хараад бусад хүмүүс ч бодох ёстой. Одоогийн хууль хяналтын байгууллагуудад итгэх итгэл алга. Хэрэг очоод л гацдаг, удааширдаг. Гэсэн ч Ерөнхийлөгч өөрөө бууж ирээд шалгуулъя гэж байна. Тиймээс заавал шалгах ёстой.
Эцсийн дүндээ олон жил яригдсан хулгай, авлигын асуудлыг бүрэн шийдвэрлэтэл нь бид хариуцлага нэхсээр байх болно. АН-ын намын дарга хариу өгөхгүй бол талбай дээр гарна гэдгээ ч илэрхийлсэн. Тэгэхээр энэ асуудал зөвхөн албан тушаалаа өгөөд дуусах зүйл биш. Үнэн мөнийг эцэслэн тогтоож, хариуцлага тооцох хүртэл үргэлжлэх ёстой.
