Ярилцлага
2026.11.17 16:58
199
Д.Баяраа: Хүүхдийн дархлааг дэмжихэд нойр, эцэг эхийн халамж чухал

Өвлийн улирал эхэлж бага насны хүүхдүүдийн дунд ханиад томуу, вирусын халдвар ихэсдэг. Энэ үед хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд юуг анхаарах талаар МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор Д.Баяраатай ярилцлаа.

Хүйтний улиралд бага насны хүүхдийн дархлааг хэрхэн дэмжих вэ. Ханиад томуу, халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?  

Ханиад болон вирусээс хэрхэн сэргийлэх вэ гэхээр хамгийн түрүүнд хүүхдийг огцом дааруулж болохгүй. Биеийн температур хэт буурч эхэлбэл биед байгаа муу микробууд идэвхжих магадлалтай. Хоёрдугаарт, шингэн зүйл сайн уулгаж байх хэрэгтэй. Ялангуяа халуурсан үед шингэн сайн уулгах нь бүр ч чухал. Мөн чихэр, чихэрлэг зүйлсийг хүүхдэд өгөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь чихэрлэг зүйл вирусыг ч үржүүлдэг, микробыг ч үржүүлдэг. Дараагийн чухал асуудал бол нойр.Хүүхэд унтаж байх үед биеийн дархлаа сайжирч, эрүүлжиж байдаг. Тиймээс хүүхдийг маш сайн унтуулах хэрэгтэй. 

Ер нь хүүхдийн нойрны хугацаа 10–12 цаг байх ёстой. Тухайлбал, хүүхэд өглөө 09:00 цагт хичээлдээ явахын тулд 07:00 цагт сэрдэг гэж бодъё. Дор хаяж 10 цаг унтуулахын тулд тогтмол 20:00–21:00 цагт унтуулж байх хэрэгтэй. Гэтэл нойр нь ханаж амжаагүй хүүхдийг өглөө сургууль, цэцэрлэгт нь явуулахаар хүчээр босгох үед хүүхдийн дархлаа унадаг.

Тэгэхээр хүүхдийг сайн унтуулах ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

Шингэн зүйл сайн уулгахын зэрэгцээ өвлийн улиралд витамин D өгөх хэрэгтэй. Ялангуяа хүүхэд өвдсөн үед 2000 тунгаар өгөх нь зүйтэй. Мөн витамин С үе үе уулгаж, зарим тохиолдолд цайр өгч болно. Ялангуяа норовирус, аденовирусын халдварын үед хүүхэд бөөлжих, суулгах, уушги, гуурсан хоолойн үрэвсэл зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тиймээс энэ үед ашигтай бактерийг сайн уулгах хэрэгтэй. Хамгийн гол нь хүүхдээ тэвэрч, энхрийлж, уураглаг хоол хүнс өгөх нь чухал. Харин шинж тэмдэг нь хөнгөн байвал цэцэрлэгт нь явуулах хэрэгтэй.

Учир нь бид амьдрал дээр дандаа сайхан явдаггүй, унаж босоод л явдаг. Тэгвэл хүүхэд цэцэрлэгт орсноороо унаж босох дадлыг өөртөө суулгаж эхэлж байгаа юм. Хүүхдийн өвчин эсэргүүцэх чадвар ч сайжирна. Энэ нь цаашлаад амьдралын сорилт бэрхшээлийг даван туулах тэсвэр хатуужилтай болоход нөлөөлнө.

Амьдрал дээр хүн өвддөг, бас эдгэрдэг юм байна. Цэцэрлэгт явж, бусадтай танилцаж, харилцаж сурахын зэрэгцээ хүүхэд амьдрах ухаанд ч суралцана. Өвдөх нь нэг төрлийн сорилт болж, бие махбодын эсүүд ч үүнд дасан зохицож суралцана. Тиймээс өвдөхийг дандаа муу зүйл гэж бодолгүй, амьдралын нэг хэсэг, даван туулж болох зүйл гэдгийг ойлгох нь чухал.

Энэ бол хүүхэд амьдралын бэрхшээлийг даван туулж сурах эхний алхмуудын нэг юм. Ханиад бол байгаагаараа л байна, хүүхэд өвддөгөөрөө өвдөнө. Харин эмчилгээгээ хийлгээд явах хэрэгтэй.Гол нь хэтэрхий хүндрүүлчихгүй бол. Эцэг эхчүүдэд дахин анхааруулахад эрт унтуулаарай, шингэн юм сайн уулгаарай чихэрлэг юмыг нь хязгаарлаарай. Хүүхэд сэтгэл санаа дагаж өвдөх гээд байдаг тийм учраас хүүхдээ тэвэрч энхрийлж харилцан ярилцаарай.  Хүүхэд ч утас ширтээстэй, эцэг эх ч утас ширтээстэй байвал энэ амьд харилцаа биш ээ.

Энэ бол харамсалтай тэгэхээр утсаа хойш тавиад хүүхдээ тэвэрч ярилцаж өнөөдөр ямар хүүхдүүдтэй танилцав өнөөдөр ээж аавдаа хэлэх юм юу байна гээд ярилцах, амьд харилцаа үүсгэх нь хүнийг шууд эмчилж байдаг. Энийг сайн бодоорой гэж залуу эцэг эхчүүдэд захимаар байна.