

Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүмүүс албан тушаалаа өгмөгц салбарын асуудлыг хөндөж, шүгэл үлээгч болдог жишиг тогтлоо. Энэ нь манай хууль зүйн салбар үнэхээр бугшсан олон асуудалдаа идэгдсэн гэдгийг нотлох мэт. Дараагийн албан тушаалтайгаа залгачихгүй л бол олж мэдсэн шударга бусыг олон нийтэд дэлгэхийг зорьдог. Гэхдээ яагаад заавал ажлаа өгсний дараа гэж?
Сүүлийн сайд нараас С.Амарсайхан үүрэгт ажлаа өгснөөсөө хойш шүгэл үлээхээр бэлтгэж байгаа талаараа хэвлэлд ярьсаар байна. Б.Энхбаяр сайд байх үедээ сэжүүр цухуйлгаад намжсан. Харин Х.Нямбаатар төрийн ажлаас хөндийрснийхөө дараа цахим хуудсаараа дамжуулан шүгэл үлээж эхлээд байгаа юм.
ХЗДХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэсэн хугацаа:
-Х.Нямбаатар: 2020 оны 7 сар – 2023 оны 10 сар
-Б.Энхбаяр: 2023 оны 10 сар – 2024 оны 7 сар, 2025 оны 10 сар – 2026 оны 4 сар
-О.Алтангэрэл: 2024 оны 7 сар-2025 оны 6 сар
-Л.Мөнхбаатар: 2025 оны 7 сар- 9сар
-С.Амарсайхан: 2026 оны 4 сар – 9 сар
Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлын үеэр Бодь интернэшнл 110 сая долларыг авлига болгон тараасан талаар олон нийтэд мэдээлэв. Мэдээллийн агуулгыг хураангуйлбал:
“2019 оны есдүгээр сарын 9-ний өдөр 203 км төмөр замын ажлын ТЭЗҮ-ийг 1 тэрбум 68 сая доллар гэж боловсруулсан. Дараа нь нэмэлт гэрээгээр 213 сая доллар нэмсэн.
Тагнуулын ерөнхий газраас тус гэрээг улсын нууцад хамаарна гэж үзэн нууцалсан. Мөн ТЕГ-аас Бодь интернэшнлийг төмөр замын ажлыг гүйцэтгэх аюулгүй байдлын гэрчилгээг олгожээ.
Тавантолгой төмөр зам 110 сая доллар буюу 286 тэрбум төгрөгийг Бодь интернэшнлийн дансанд шилжүүлсэн. Бодь интернэшнл өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийх ёстой атал нүүрс урьдчилан борлуулах гэрээ үйлдэж, дөрвөн компаниас ашиг хүртжээ.
Тавантолгой төмөр замтай хийсэн гэрээний дүн 1 тэрбум 1 сая төгрөг байна. Гэвч аудитын байгууллагаас төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нийт өртөг 450-480 сая доллар байна гэж дүгнэсэн.
Тухайн үед Бодь интернэшнлийн гүйцэтгэх захирал байсан А.Амундрагийн хэлснээр тэрээр өөрийн биеэр хүмүүст авлигын мөнгийг хүргэж өгсөн гэж ярьсан”
Бодь интернэшнлийн гүйцэтгэх захирал байсан А.Амундрагийн зүгээс гэрчийн мэдүүлэг өгч, энэ хэрэгт гар бие оролцсоноо хүлээн зөвшөөрч байна. Миний аюулгүй байдлыг хамгаалж өгнө үү гэдэг хүсэлтийг гаргасаар байгаа юм.
Б.Энхбаяр ХЗДХ-ийн сайд байхдаа “2022 оны хавар нүүрс тээвэрлэдэг 50 автомашиныг нэр бүхий сэтгүүлчдэд тараасан. 20 тэрбум төгрөгийн машинтай сэтгүүлч байна. Нүүрсний хулгайд бүгд оролцсон” гэх агуулга бүхий ярилцлага өгч байсан ч баримтыг дэлгэлгүй чимээгүй болсон юм.
О.Алтангэрэл сайд байх үедээ “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай” хуулийн төслийг санаачилсан юм. Гэвч хууль одоо болтол батлагдаагүй байна.
Тэрээр “"Нүүрсний хулгайг мөсөн уул гэж авч үзвэл ёроолд нь асар их хэмжээний хөрөнгө л байгаа. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг хоёр үзүүрт нь л зогсож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл асуудлын цөм рүү бид нэвтэрч чадахгүй байна гэсэн үг” гэж байв.
Харин ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайхан ч мөн албан тушаалаа өгсний дараа “Хуулийн байгууллагын удирдлагууд хар тамхины хамгаалагчид болсон. Ноцтой баримтуудыг дэлгэнэ” гэсээр байна.
Сайд нар хөмөрсөн тогоон дороо орчихоор хөөтэй гэдгийг нь хардаггүй юм болов уу. Тогоон дороос гармагц нүд нь нээгдэж, ниргэсэн хойно нь хашгирсаар...
