

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр нарын 25 гишүүн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг гаргасан.
Өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах хуулийн төслийг дэмжлээ.
Харин УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал энэ талаар эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж, хууль санаачлагч У.Отгонбаярыг албан ёсны мэтгэлцээнд дуудлаа.
Баасан гарагт УИХ-ын чуулганаар хуулийн төслийг хэлэлцэх юм.
Х.Баасанжаргал: Уралдаан бол нэг өдрийн асуудал биш. Нэг өдрийн наадмын төлөө хүүхдүүд олон өдөр хөдөлмөр эрхэлдэг. 2016 оноос хойш 3300 хүүхэд мориноос унаж бэртсэн. Хурдан морь унах нь хүүхэд боловсролоос хөндийрөх хамгийн том шалтгаан байдаг. Зуны улиралд амралтаар нь бол унуулж болно шүү дээ.
У.Отгонбаяр: Аймаг, сум болгонд л хавар морин уралдаан болдог. Энийг хориод ямар ч нэмэр байхгүй. Хөдөө байгаа залуус хурдан морины уралдаанаас л сэтгэлийн таашаал авч амьдардаг нь нууц биш.
Хуулийн төсөлд дараах зохицуулалт багтжээ.
-Уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны, эсхүл түүний доторх аль нэг өдөр цаг --агаарын нөхцөл байдалтай уялдуулан товлож, зохион байгуулна.
-Замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг ханган 14-өөс дээш насны хүүхдээр унуулна.
-Хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулна.
-Уралдаж байгаа морины насны ангиллаас хамаарч азарга, соёолон насны морьд 16-17 километр, их насны морьд 18-19 километр замыг туулж уралдана.
