М.Нансалмаа
Сэтгүүлч
Гадаад мэдээ
2026.11.18 17:18
168
Трамп, Путин, Ши Жиньпин нар гурван талт уулзалт хийнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар арваннэгдүгээр сарын 19-нд БНХАУ-ын Шэньжэнь хотод гурван талт уулзалт хийхээр төлөвлөжээ. Энэ нь дэлхийн улс төр, аюулгүй байдлын асуудлаар гурван их гүрний удирдагч анх удаа уулзах гэж буйгаараа онцлог үйл явдал болж байна.

Уулзалт нь арваннэгдүгээр сарын 18–19-нд зохион байгуулагдаж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) дээд хэмжээний уулзалтын хүрээнд болох юм.

Ямар асуудлуудыг хэлэлцэх вэ?

  1. Цөмийн зэвсгийн хяналт: Дэлхийн цөмийн зэвсгийн нөөцийг бууруулах, зэвсэглэлээр хөөцөлдөхөөс сэргийлэх асуудал. Трамп цөмийн зэвсгийг хорогдуулах шинэ тохиролцоонд хүрэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

  2. Орос-Украины дайн: Уулзалтын өмнө АНУ-ын албаныхан энэ асуудлыг хэлэлцэх төлөвгүй гэж мэдээлж байсан ч Трамп өөрөө Украины асуудлыг хөндөнө гэдгээ мэдэгдсэн байна.

  3. Ираны асуудал: Ойрх Дорнодын нөхцөл байдал, Ирантай холбоотой дайны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  4. Худалдаа, эдийн засаг: АНУ, БНХАУ-ын худалдааны харилцаа, тариф, нийлүүлэлтийн сүлжээ болон эдийн засгийн хамтын ажиллагаа.

  5. Хиймэл оюун ухаан, технологи: AI технологийн хөгжил, дэвшилтэт чипийн экспортын хязгаарлалт зэрэг асуудал.

Энэхүү уулзалтыг олон улсын хэвлэлүүд 1945 оны Ялтын бага хуралтай харьцуулж байна.

Тухайн үед АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт, Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль, ЗХУ-ын удирдагч Иосиф Сталин нар дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журам, Европын ирээдүйн асуудлаар хэлэлцэж байв.

Харин энэ удаад дэлхийн цэрэг, эдийн засгийн томоохон гурван гүрний удирдагч нэг ширээнд суух гэж байгаа нь жижиг болон дунд хэмжээний улс орнуудын эрх ашиг нөлөөлөх вий гэх болгоомжлолыг бий болгожээ.