М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
97
С.Бямбацогт СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг чөлөөлөх асуудлыг УИХ-аар дахин хэлэлцүүлнэ

УИХ-ын дарга С.Бямбацогт өнгөрсөн тавдугаар сард банк бус санхүүгийн байгууллага, цахим зээлийн аппликейшнуудын зээлийн хүүг бууруулах үүргийг Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн. Зургаан сарын хугацаатай энэхүү үүрэг даалгаврын хэрэгжилт хангалтгүй гэх үндэслэлээр СЗХ-ны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-д оруулж ирсэн.

Арван нэгдүгээр сарын 6-ны УИХ-ын чуулганаар  Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг гишүүдийн олонх дэмжээгүй.

С.Бямбацогт “Монголын ард түмэн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүүгийн дарамтад орсон байна. Аппликэйшний зээлийн хүү 60 хувь, банк бусын зээлийн хүү 40 хувь болчихсон. Тиймээс энэ асуудлыг тодорхой шийдэх, ачаа үүрэх асуудал үүссэн учраас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна” гэсэн юм.

Тэгвэл өчигдрийн эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэхийг дэмжсэн тул өнөөдрийн УИХ-ын чуулганаар дахин хэлэлцэх гэж байна. Ингэснээр УИХ-ын дарга С.Бямбацогт Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хоёр дахь удаагаа УИХ-аар хэлэлцэх гэж байна.