М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
6 цагийн дараа
111
МАН суудлаа олохгүй, монголчууд гүйдлээ олохгүй

МАН 2016 оноос хойш 10 гаруй жил төрийн эрх барьж байна. Энэ хугацаанд нам доторх эрх мэдлийн зөрчил, фракцуудын тэмцэл удаа дараа Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлж, төрийн ажлыг гацаах хэмжээнд хүрсэн. МАН-ын зовлон Монголын зовлон болоод удаж байна.

2025 оны зургаадугаар сараас 2026 оны гуравдугаар сар хүртэл Монгол Улс гурван Ерөнхий сайдын нүүр үзэв. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч, түүний дараа Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдсон ч есөн сарын дараа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, Н.Учрал Засгийн газрын тэргүүн болсон юм.

Ерөнхий сайд солигдохын зэрэгцээ Засгийн газрын бүрэлдэхүүнд ч хэд хэдэн удаа өөрчлөлт оржээ.

2024 оны УИХ-ын сонгуулиас хойш гурван Засгийн газар байгуулагдаж, нийт 49 удаагийн сайдын томилгоо хийгдсэн байна.

Үүнээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт 23, Г.Занданшатарын Засгийн газарт 15, Н.Учралын Засгийн газарт 11 томилгоо бүртгэгджээ. Гурван засгийн газарт нийт 11 сайд хугацаанаасаа өмнө ажлаасаа чөлөөлөгдөж байв.

-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар: 8 сайд

-Г.Занданшатарын Засгийн газар: 2 сайд

-Н.Учралын Засгийн газар:1 сайд

НИТХ дахь намын бүлгийн даргаас эхлээд хотын дарга, УИХ-ын дарга, ерөнхий сайд, ерөнхийлөгч гээд солигдож болох бүх албан тушаалтныг хөдөлгөлөө.

Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг. Сайд солигдохтой зэрэгцэн албан тушаалын томилгоо ундарч эхэлнэ. Хийж байсан ажлууд гацаж, шинэ хүн шинээр эхэлнэ. Энэ мэтчилэн төр төвшин байж чадаагүйн улмаас ардын амьдрал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа хэвээр байна.