М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
7 цагийн дараа
84
Төрийн өмчит компаниудын ашгийг төрийн санд төвлөрүүлэх нь зүйтэй юу?

Монголбанк, Засгийн газартай дэвшилтэт түвшний тохиролцоо хийж, ирэх оны төсвийн бодлогын талаарх байр сууриа эвтэй найртай нэгтгэлээ. 

Монголбанкнаас төрийн өмчит компаниудын арилжааны банкуудад байршуулсан нийт 8 их наяд төгрөгийн мөнгөн хөрөнгийг Төрийн санд төвлөрүүлэх санал гаргасан бөгөөд Засгийн газар уг саналыг дэмжсэн.

Ерөнхий сайд Н.Учрал: “Төрийн өмчит компаниудын цэвэр ашгийг нэгтгэнэ. Төсөв гэдэг нэг савандаа орох хэрэгтэй. Мөнгөн хөрөнгийн удирдлагыг сангийн яаманд шилжүүлнэ.

Төрийн өмчит компаний цэвэр ашгаар ТУЗ нь хуралдаад элдэв юманд санхүүжилт хийгээд нөлөөлөл нь инфляцыг нэмэгдүүлдэг”

Сангийн сайд З.Мэндсайхан: “Төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн хуулиар төрийн өмчит компаниудын ногдол ашгийг төсвийн орлогоор татахаар болсон. Энэ бол төсвийн бүрэлдэхүүн болохгүй. Төрийн сангийн засгийн газрын дансанд байршина. Ингэснээр төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа доголдохгүй”

Ашгийн төлөө ажилладаг ТӨК-иудын ашгийг төрийн санд төвлөрүүлэх нь хэр зохистой вэ?

УИХ-ын зарим гишүүд төр төсвийг алдагдлаа ТӨК-иудын ашгаар нөхөх гэж байна гэсэн хардлагатай байгаа бөгөөд энэ нь зохисгүй гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Төрийн өмчит компанийн орлогыг төрийн санд төвлөрүүлэх нь зохисгүй. Төрийн өмчит компаниудын дансны үлдэгдлийг ашиглах гэж байна гэсэн үг. Ингэснээр бизнесийн үйл ажиллагаанд нь төр оролцож эхэлнэ. Төрийн сангийн нөхцөл байдал хүндрээд төрийн өмчит компаниудын дансны үлдэгдлийг ашиглах гэж байна гэж харж байна.

Төрд ашиг нь төвлөрөөд эхлэхээр эдгээр компаниудад гадны хөрөнгө оруулалт авах боломж мэдээж багасна" гэв.

АНУ-ын хөрөнгө оруулалтын менежментийн компани Франклин Темплтон Монголын төрийн өмчит компаниудын засаглалыг шинэчлэх, хөрөнгө оруулалт татах, хөрөнгийн биржид гаргах асуудлаар Засгийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг хамруулах боломж яригдаж байгаа юм. Гэвч ЭТТ-н орлого төрийн санд төвлөрч эхэлбэл энэ хөрөнгө оруулалт удаашрах эрсдэлтэй юм.