М.Нансалмаа
Сэтгүүлч
Улс төр
2026.11.20 10:00
230
Дараагийн ерөнхийлөгчийг хэрхэн сонгох вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг УИХ-ын гишүүд олонхын саналаар дэмжсэн. Ингэснээр Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулах эрх зүйн үндэслэл бүрдлээ.

Үндсэн хуульд зааснаар УИХ Ерөнхийлөгчийн бүрэн эрх дуусгавар болсноос хойш дөрвөн сарын дотор ээлжит бус сонгуулийг зарлан явуулах үүрэгтэй.

Сонгуулийн товыг ажлын 20 хоногийн дотор зарлах ёстой. 

Сонгуулийн товыг зарласнаас хойш 70-аас доошгүй хоногийн дараа санал хураалт явуулах зохицуулалттай. Одоогоор УИХ-аас санал авах өдрийг албан ёсоор тогтоогоогүй байна.  Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай улс төрийн намууд дангаараа болон хамтран нэр дэвшүүлэх эрхтэй. Нам, эвсэл тус бүр Ерөнхийлөгчид нэг хүний нэр дэвшүүлнэ. 

Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь Монгол Улсын уугуул иргэн, 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан байх ёстой. Мөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно.

Ерөнхийлөгчийг ард түмэн шууд сонгох зарчим хэвээр үйлчилнэ

Нэр дэвшигч иргэдээс олонх буюу 50-аас дээш хувийн санал авч чадвал шууд сонгогдоно. Чадаагүй тохиолдолд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигч дахин өрсөлдөнө. Хоёр дахь шатанд олонхын санал авсан нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдоно.