

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам, Alumni Engagement Innovation Fund (AEIF) 2026 хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Freedom 250: AI Faculty Fellows–АНУ Монголын инновацийн түншлэл” төсөл хэрэгжиж эхэллээ. Тус төсөл нь Монголын их, дээд сургуулийн багш нарт хиймэл оюуныг сургалт, судалгаанд ухамсартай, хариуцлагатай, үр дүнтэй ашиглах мэдлэг, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэж байна. Оюутнууд хиймэл оюуны хэрэгслийг сургалт, бие даан суралцах үйл ажиллагаандаа өргөн ашиглах болсон өнөөгийн нөхцөлд багш нарын заах арга зүй, сургалтын даалгавар, үнэлгээний арга хэлбэрийг шинэ технологийн боломж, эрсдэлтэй уялдуулан хөгжүүлэх шаардлага нэмэгдэж байгаа нь төслийн үндсэн хэрэгцээ юм.
Төслийг АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчдийн манлайлал дор Багшийн хөгжлийг дэмжих манлайлал нийгэмлэг (TDLA) болон дээд боловсролын сургалтын байгууллагуудын дундаас хувийн хэвшлийн сургуулиудаас нэгдүгээрт эрэмблэгдсэн Отгонтэнгэр их сургууль хамтран хэрэгжүүлэх юм. Багшийн хөгжлийг дэмжих манлайлал нийгэмлэг (TDLA) нь Дээд боловсролын байгууллагуудын багшийн хөгжлийн төвүүдийн хэлэлцүүлэг, санал санаачлагын үр дүнд байгуулагдсан үндэсний сүлжээ байгууллага юм.
Төслийн хүрээнд нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан багш нарыг гурван үе шаттай, тус бүр таван өдрийн, нийт 15 өдрийн сургалтад хамруулна. Сургалт нь онолын мэдлэг, практик дадлага, сургалтын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх арга зүйг хослуулсан хэлбэрээр зохион байгуулагдана.
Төслийн оролцогчдыг нээлттэй зарласан бүртгүүлэгчдээс сонгон шалгаруулалтаар тодруулж, байгууллагын төлөөллийн олон талт байдал, оролцогчдын бэлэн байдал, төслийн үр дүнг цааш түгээн дэлгэрүүлэх боломжийг харгалзан үзжээ. Төслийн оролцогчдоор 18 их, дээд сургуулийн 24 оролцогчыг сонгон шалгаруулжээ.
Төслийг Отгонтэнгэр их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор, Хьюберт Х. Хамфригийн хөтөлбөрийн төгсөгч доктор, профессор Б.Одгэрэл ахлах бол Фулбрайтын хөтөлбөр, АНУ-ын Карнеги Мелон их сургуулийн төгсөгч, MCS Holding-ийн мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захирал А.Мэндсайхан, Олон улсын зочин манлайлагчдын хөтөлбөрийн (IVLP) төгсөгч, MNCERT/CC-ийн гүйцэтгэх захирал М.Гомбодорж нар төслийн үндсэн агуулгыг хариуцан ажиллах юм.
Эхний шатанд AI мэдлэг, хариуцлагатай хэрэглээ, дижитал итгэл, кибер аюулгүй байдал; хоёр дахь шатанд AI-д суурилсан заах арга, үнэлгээний шинэчлэл, гурав дахь шатанд AI мини-модуль боловсруулалт, харилцан үнэлгээ, туршилтад бэлтгэх агуулгыг багтаажээ.
Хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын мэргэжилтнүүдийн 2–3 цахим сургалт зохион байгуулагдах бөгөөд орон нутгийн оролцоо санаачлагыг дэмжин Дархан хотод нэг өдрийн эрчимжүүлсэн сургалтыг мөн зохион байгуулах юм.
