

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө. Учир нь түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбоотой, хууль бусаар хөрөнгөжсөн, орлогоо нотло гэх шаардлагуудыг сөрөг хүчин болоод хотын дарга асан Х.Нямбаатар тавьж байсан. Тэрбээр “Төрийн тэргүүний нэр цэвэр байх ёстой. Би нэг ч хулгайд нэр холбогдоогүй учраас ажлаа өгөөд шалгуулна” гэдгээ мэдэгдсэн.
Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг ТББХ-ны хуралдаанаар оруулж олонх дэмжсэн. Түүний дараа УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, Ухнаагийн Хүрэлсүх гишүүдийн нялуун магтаалд бялуурсаар чуулганы танхимыг орхисон юм.
Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хэн бүхэн ажлаа өгөөд шалгуулах ёстой гэдгийг Ерөнхийлөгч өөрөөрөө үлгэрлэлээ. Түүний мэдэгдлийн араас Бодь интернэшнлийн 110 сая ам долларын асуудалд нэр холбогдсон ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, ХЗДХ-ийн дэд сайд Мөнх-Эрдэнэ нар ажлаа өгч, шалгуулахаа мэдэгдлээ.
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж, Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд ЗГХЭГ-ын даргаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг томилохоор болсон байна.
Батлан хамгаалахын сайд Д.Батлутын ажлаа өгөх хүсэлтийг Ерөнхий сайд хүлээж авсангүй. Учир нь “Зэвсэгт хүчний ерөнхий командлагчгүй, улс төр ороо бусгаа байхад энхийн манаанд зогсдог энэ салбар эзгүйрч болохгүй” гэлээ. Ингээд Н.Учралын кабинет бүтэн боллоо.
Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наядыг иргэдэд бэлнээр олгох асуудлаар хууль боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсэг байгуулахаар боллоо. Одоо мөрдөгдөж буй хуулиар ногдол ашиг иргэдийн хуримтлалын дансанд орох ёстой ч хэрвээ иргэдэд олгох хууль санаачилбал, Ерөнхий сайд хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн юм.
Ардын амьдрал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа байна. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь яаж гүйдлээ олох билээ. Монголын төр төвшин байх болтугай.
Тойм үзэх:
