Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Нийгэм
7 цагийн дараа
100
Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол иргэн бүрийн хамтын хариуцлага юм

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн /НГХУСАЗСЗ/ жилийн эцсийн тайлангийн хурал  болж, нийслэл, дүүргүүдийн салбар зөвлөл 2026 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулснаас гадна гишүүн байгууллагууд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга О.Нямдаваагийн танилцуулснаар, энэ онд бүртгэгдсэн гомдол мэдээлэл өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурсан байна. Үүнд, хулгайлах гэмт хэргийнх 33 хувиар, залилах 16.2 хувиар, гэр бүлийн хүчирхийллийнх 53 хувиар, дээрэмдэх 6.7 хувиар тус тус буурчээ.

Нийслэлийн хэмжээнд 80 мянга орчим хяналтын камер ажиллаж байна

Харин бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 31 мянгад хүрч үүний 40 хувь нь буюу 12 мянга гаруй нь залилах гэмт хэрэг байна.

Түүнчлэн гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар өссөн байна. Хамгийн өндөр хувьтай нь хулгайлах гэмт хэргийн илрүүлэлт байгаа юм. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Нийслэлийн Цагдаагийн удирдах газартай хамтран “Олон нийтийн цагдаа”, “Хүүхэд хамгаалагч цагдаа”, “Оюутан цагдаа”, Гол усны аюулаас урьдчилан сэргийлэх эргүүл зэрэг иргэдийн оролцоотой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд 4300 орчим зөрчлийг илрүүлэн таслан зогсоосон бөгөөд 916 мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Мөн төөрсөн 34 хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч, гадаадын 14000 орчим иргэнд туслалцаа үзүүлсэн зэрэг олон эерэг үр дүн гарчээ.

Мөн өнөөдрийн байдлаар нийслэлд 80 мянга орчим камер ажиллаж байгаа гэдгийг онцолсон юм.

Цаашид олон нийтэд түшиглэсэн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, илрүүлэх ажилд техник, технологийн дэвшил, ухаалаг программ хангамжийг ашиглах, сургуулийн орчинд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодит үр дүнтэй төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэв.

Залилах гэмт хэргийн улмаас иргэн аж ахуйн нэгжид учирсан 139 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн шалгах албаны 2026 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлыг Мөрдөн шалгах албаны ахлах мэргэжилтэн Ю.Чулуунбаатар танилцуулсан юм. Тэрбээр, Цагдаагийн байгууллагад нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 67 хувийг Улаанбаатарт бүртгэгдсэн хэрэг эзэлж байгааг хэлээд 2026 оны эхний 10 сарын байдлаар шалгагдсан нийт гэмт хэргийн 65 хувийг шийдвэрлэсэн. Энэ нь хэрэг шийдвэрлэлт 7.6 хувиар өссөн үзүүлэлт болсныг тодотгов. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд, 31 мянган хүүхдэд гэмт хэрэг зөрчилд өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, 19 мянга гаруй хүүхдэд сурталчилгааны тараах материал хүргэсэн байна. Сүүлийн жилүүдэд эрс өсөөд байгаа залилах гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, 27 мянган хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2725 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Энэхүү ажиллагааны дүнд иргэд аж ахуйн нэгжид учирсан хохирлыг 65 хувийг буюу 139 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. НГХУСАЗСЗ-өөс тус газар техник, технологийн дэвшилтэт тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлснээр хэргийн газрын үзлэг, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үйл ажиллагаанд өдөр тутамд ашиглаж байна гэлээ.

Галын аюулаас 2185 хүн, 1.1 их наяд төгрөгийн хөрөнгийг аварсан байна

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албанаас 2026 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар товч мэдээлэл өгсөн юм. Хар тамхитай холбоотой нийт гэмт хэргийн 83 хувь нь нийслэлд гарсан байна. Өнгөрсөн 9 жилийн хугацаанд 50 гаруй тэрбум төгрөгийн хууль бус хэрэглээг таслан зогсоожээ.

2026 оны эхний 10 сарын байдлаар 455 гэмт хэрэгт 518 холбогдогчийг илрүүлж, 6.6 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоожээ.

НГХУСАЗСЗ-өөс 2026 онд тус албатай хамтран сэрэмжлүүлэг мэдээлэл түгээх, илрүүлэх тест авах, сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилласан байна.

Салбар зөвлөлийн гишүүн байгууллага Нийслэлийн Онцгой байдлын газрын хувьд 2026 оны 11 сарын байдлаар гал түймрийн дуудлага 6 хувиар буурсан бөгөөд 2185 хүн, 1.1 их наяд төгрөгийн хөрөнгийг аварсан гэдгийг онцоллоо. Мөн усанд боогдсон гэх дуудлага 27 хувиар, хүүхдийн эндэгдэл 20 хувиар буурсан байна. НГХУСАЗСЗ-тай хамтран холбоо, зарлан мэдээлэл, нөөц эх үүсвэрийн тоног төхөөрөмж, энгэрийн камер, өндрийн камер, бүрэн тоноглогдсон автомашин зэрэг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах санхүүжилтийг шийдвэрлэж, хяналт шалгалтын ил тод, бодит байдлыг дээшлүүлж, ослын голомтод ажиллах шинжээчдийг чадавхжуулах, дижитал баримтжуулах ажлыг хийсэн гэдгийг онцлов.

 Тээврийн цагдаагийн алба “Замын хөдөлгөөний соёл” аяны  хүрээнд 141 мянган зөрчил илрүүлжээ

Тээврийн прокурорын газар НГХУСАЗСЗ-тэй хамтран “Хотын соёл”, “Замын хөдөлгөөний соёл” зэрэг нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд Тээврийн цагдаагийн албанаас ”Замын хөдөлгөөний соёл” аяны хүрээнд нийт 177 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 141 мянган зөрчил илрүүлсэн гэдгийг мэдээлсэн юм.  

НИТХ-ын дарга, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Ихбаяр, хуралдааны төгсгөлд салбар зөвлөлүүд болон гишүүн байгууллагуудын тайланг дүгнэж, үг хэллээ.

Тэрбээр “Тайлангаас харахад энэ онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг ерөнхий, тусгай, нэг бүрчилсэн болон соён гэгээрүүлэх дөрвөн үндсэн чиглэлээр зохион байгуулж, нийслэлийн хэмжээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээ хэрэгжүүлсэн байна.

Хамгийн чухал үр дүнгийн нэг нь нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 14,275 нэгжээр буюу 9.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Мөн гэмт хэргийн илрүүлэлт 49.0 хувьд хүрч, өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар өссөн байна.

Энэ бол хууль сахиулах байгууллагуудын өдөр тутмын ажил, салбар зөвлөлийн бодлого, зохицуулалт, байгууллага хоорондын хамтын ажиллагааны үр дүн гэж дүгнэж байна” гэж онцлоод “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол зөвхөн цагдаа, хууль сахиулах байгууллагын ажил биш. Энэ бол нийслэлийн бүх шатны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага юм.

Бид цаашид бодлого, төлөвлөлт, төсөв, хэрэгжилт, хяналтыг уялдуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг илүү үр дүнтэй, бодитой, иргэдэд хүрсэн байдлаар зохион байгуулах ёстой” гэлээ.