

TV5 телевизийн сэтгүүлч Э.Ууганзаяа бэлтгэсэн мэдээгээрээ ихэр охидыг дүүгийн хамт амьдрах тохилог дулаан, хашаа байшинтай болгож, таксины жолоочид зодуулж хөл гараа тайруулсан эмэгтэйн эмчилгээний зардал, 2 сартай ихэр болон 6, 11, 13 насны таван хүүхэдтэйгээ үлдсэн аавд туслах хандивын аяныг хийж олон олон хүний амьдрал амь насыг аварч, итгэл найдвар хайрлаж байсан. Харин түүний аав уушгины хорт хавдар өвчнөөр оношлогдож Монголд эмчлэгдэх боломжгүй ч Хятад улсад эмчилгээ хийлгэвэл эдгэх боломжтой. Эмчилгээний зардал 80-100 сая төгрөг болох хариу иржээ. Иймд тэрээр сайхан сэтгэлт ард түмнээсээ хандивын гараа сунгахыг хүслээ.
TV5 телевизийн сэтгүүлч Э.Ууганзаяа: Миний хувьд болон хэвлэлийнхэн бүгдээрээ л өвчтэй зовлонтой, ядарсан хүмүүст тусалж, асуудлыг нь хувь нэмрээ оруулаад л явдаг. Бид хүний асуудлыг өмнөөс нь шийдэж өгөөд ямар их баяртай байдаг билээ. Өөрсдөө амттай хоол идсэн юм шиг л мэдрэмж аваад ажлаа хийдэг.
Гэтэл яагаад би, яагаад манай аав гэж өвдсөн хүн болгоны асуулт нэг л өдөр ирдэг юм байна. Өнгөрсөн 5 дахь өдөр аавынхаа шинжилгээний хариуг авсан. Бүр найдваргүй, эмчилгээгүй болоогүй. Бид нар шиг цалингаас цалингийн хооронд, хурааж хуримтлуулсан зүйлгүй хүмүүс шууд аваад гадагшаа явъя гэхээр хэцүү байна.
Шинжилгээний хариуг нь уншуулахад, Баруун талын эрүүл уушги нь ажиллагаа сайтай, бусад газар руугаа үсэрхийлээгүй байвал хавдартай уушгийг нь авах боломж байгаа. Нөгөө талынхаа уушгиар хангалттай амьдрах боломжтой. Эсвэл хими юм уу туяа эмчилгээ хийнэ. Тодосгогчтой шинжилгээ өг гэсэн. Яаралтайгаар өгөөд сая хавдрын эмчдээ уншуулахад хагалгаа хийх заалтаас хэтэрсэн байна гэх хариу өглөө.Монголд бол хими эмчилгээ л хийнэ. Азтай бол тархалт нь зогсдог гэж эмч нь хэлсэн.
Би Хятадын эмнэлгүүд руу ярьж үзсэн. Манай аавтай адилхан оноштой, эдгээд ирсэн хүмүүс байна. Эдгээнэ гэсэн болохоор одоо зүтгэхээс өөр аргагүй байгаа. Хүнд өвчтэй хүмүүс шиг олон сая, тэрбум гэсэн бол хувь заяанд нь даатгаад орхино гэхсэн.
80-100 сая төгрөгт аавыгаа залуугаар нь алдмааргүй байна. Олон хүнтэй харьцдаг, олонтой явдаг ажил хийдэг хүний хувьд болж л байна. Сумынхаа групп болон фейсбүүк дээр пост тавьсан. Одоогийн байдлаар 10 сая төгрөг цугласан.
Бид түрээсийн байр, лизингийн машинтай гэдэс цатгалан явж байгаагаа болж байна, жаргалтай байна гэж бодоод өвчин зовлонг ерөөсөө тооцоолж байгаагүй юм байна. Хурааж, хуримтлуулсан юм юу ч байхгүй. Тэгээд л хамаатан садан, таньж мэддэг хүмүүс, хувиасаа гээд 20 орчим сая төгрөг цуглуулахаар болсон.
Одоо шинж тэмдэг, зовуурь нь маш хурдан хүндэрч байгаа. Уушгины хавдар ханиалгаж, амьсгаадах, цустай цэр гараад эхэлбэл ер нь болохгүй болж байгаа гэсэн үг. Хэрэв гадагшаа явна гэж байгаа бол нэг өдрийн өмнө ч гэсэн явахыг эмч нар зөвлөсөн.
80 сая төгрөг дээр аавыгаа алдчих юм бол дараа нь юу бодож хүнд тусалж явах уу. Би аавыгаа хүнд цагт нь босгоод ирсэн шүү гэж бахархаж, урам зоригтойгоор ажлаа хийхийг хүсэж байна. Цаашид илүү олон хүнд туслах болно. Манай гэр бүлийнхэнд туслаач гэж салбарынхан, найз нөхөд, үзэгчдээсээ гуймаар байна.
Сошиал үзэх:
