

Иргэн Н.Амаржин Улсын төсвийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй задаргааг олон нийтэд ил болгох нийтийн цахим өргөдөл санаачилжээ. Тэрээр өргөдөлдөө
“Сүүлийн арван жилийн хугацаанд улсын төсвийн зардал болон урсгал зарлага даруй 4-4.5 дахин тэлсэн байна.
Гэтэл төсвийн төслүүдийн задаргааг олон нийтэд ил болгохгүй байснаар төсвийн хулгай гарах нөхцлийг бүрдүүлж, ЖДҮ, Хөгжлийн банк, ТӨК-уудын тендер, улаан, ногоон автобус, төрийн тусгай сангуудын гэх мэт маш олон хулгай гарч, татвар төлөгч иргэд, ААН-үүдийн үйл ажиллагаа улам бүр хумигдаж байна. Иймд улсын төсвийн төлөвлөгөөнд тусгагдсан төсөл, арга хэмжээ, хөтөлбөрүүд, мөн урсгал зардлуудын төлөвлөгөөг дэлгэрэнгүй задгай файл хэлбэрээр олон нийтэд ил тод болгохоор Төсвийн тухай тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн өөрчлөлтийг санаачилж байна” гэжээ.
Өргөдлийг өнөөдөр буюу арван нэгдүгээр сарын 23-нд байршуулсан бөгөөд одоогийн байдлаар 3600 гаруй иргэн гарын үсэг зураад байна. Гарын үсэг 100 мянга хүрсэн тохиолдолд УИХ тухайн асуудлыг авч хэлэлцэх үүрэгтэй.
Гарын үсэг зурах: УЛСЫН ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ДЭЛГЭРЭНГҮЙ ЗАДАРГААГ ОЛОН НИЙТЭД ИЛ БОЛГОЁ - НИЙТИЙН ӨРГӨДЛИЙН СИСТЕМ
Энэхүү санаачилгыг анх УИХ-ын гишүүн Г.Цэнгүүн Ө.Шижир нарын 31 гишүүн гаргаж, хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Гэвч аравдугаар сарын 23-ны УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонх дэмжээгүй юм.
